Эрүүл, зөв хооллолт гэхээр дэглэм барих ёстой гэж боддог хүмүүс олон бий. Харин эрүүл тэнцвэртэй хоолны зарчмыг баримталснаар санхүү болон эрүүл мэнддээ бодит  үр дүнтэй хөрөнгө оруулж болохыг “La Balance Mongolia” пэйжийн админ, эрүүл тэнцвэртэй хооллолтын багш Б.Оролмаа зөвлөж байна.

-Тэнцвэртэй хооллолт гэж чухам юу юм бэ, кето, веган гэх мэт дэглэмийн хоол  шиг нэг төрлийн дэглэм гэж ойлгож болох уу?

-Тэнцвэртэй хооллолт нь маш энгийн. Хоол хүнснээс авч буй макро шим тэжээл, нүүрс ус, уураг, өөх тос, эслэг, эрдэс бодис амин дэмээ тэнцвэртэй зөв зохистой хэмжээгээр авахыг хэлж байгаа юм. Үүнийг дэглэмтэй хольж ойлгож болохгүй. Өдгөө дэлхий дээр таван төрлийн дэглэм байдаг.

  • Газар дундын дэглэм
  • Сингапур дэглэм
  • Кето дэглэм
  • Япон дэглэм
  • Веган дэглэм буюу цагаан хоол  

Эдгээр дэглэмүүд нь үүсэж хөгжсөн газар нутгийн онцлогоосоо хамааран ялгаатай байдаг. Тухайлбал бид сүүлийн үед кето дэглэм их барих болсон. 

Үүнийг зөв, буруу хэмээх ойлголт одоогоор шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжгүй. Учир нь дэлхийн улс орнууд судалгаа шинжилгээнийхээ л түвшинд эдгээрийг судалж байна.  Ямар ч дэглэм барьсан зарим хүнд тохирч болох ч нөгөөд нь тохирдоггүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүн бүрийн бие организм өөр өөр шүү дээ. 

Тиймээс хэт туйлширч, бусдыг дуурайн биеийн онцлогтоо тохироогүй дэглэм барих нь буруу. Хэт хатуу дэглэм барьсны  хор урхаг магадгүй 20, 30 жилийн дараа ч гарч болох л юм. Харин бидний хувьд өөрийн орны уур амьсгал, улирлын онцлогтоо тохируулан хооллох нь илүү тохиромжтой санагддаг. 


Нэг тавганд  мах, ногоо, жимс, үр тариа, тос зэрэг бүтээгдэхүүнүүд тэнцвэртэй орсноор эрүүл зөв хооллолт болно.
 

-Хотжилт үүсэж, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн учраас уламжлалт хооллолт ч дагаад өөрчлөгдөх ёстой гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Өмнө нь бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг,  маш  их хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай байжээ. Гэтэл хотжилт үүссэнээр хөдөлгөөний эрч буурч байгаа юм. Түүнийгээ дагаад хоол хүнсээ задлах дулаан ялгаруулалт  хүртэл өөр болсон.Тиймээс эрүүл хооллолтыг хэвшил болгохын тулд дараах гурван зүйлийг ямагт мөрдөх нь зөв юм.

  1. Улирлын чанраа дагаж хооллох

  2. Хооллохдоо биологийн цагтаа тохируулж идэх

  3. Идэхдээ тэнцвэртэй хооллолтын зарчмыг баримтлах

-Улирлын чанараа дагана гэдэг нь өвөлдөө хүнд хоол идээд, зундаа хөнгөн хооллохыг хэлж байна уу?

-Тийм ээ. Эрт дээр үеэс л Монголчууд  махны хэрэглээ өндөртэй хэдий  ч зуны улиралд мах иддэггүй, харин сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэж ирсэн.  

Өвөл- Ходоодны галын илч буурдаг улирал тул илчлэгээ дэмжиж, уураг өндөртэй хүнд хоол хэрэглэх хэрэгтэй.

Хавар- Тойгны шөл зэрэг тамир дэмжсэн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Гэтэл бид хавар  гэдсээ цэвэрлэх ёстой гээд дэглэм барьж, жимс ногооны хүйтэн аргаар дэглэм  барих тохиолдол сүүлийн үед ихсэж  байна. Энэ нь уламжлалт хоолны судалгаатай танилцаж ойлгосноор буруу болохыг ойлгосон. Цэвэрлэгээ хийе гэвэл өвлийн утаа, агаарын  бохирдлоос хамгаалах зорилгоор  уушгиа цэвэрлэж болох л юм. Гэхдээ үүнийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр хийх ёстой.

Зун- Ходоодоо амраах хэрэгтэй. Зуны улиралд хүний биеийн хоол хүнсээ боловсруулах үйл явц удааширдаг, их хэмжээтэй хүнд хоол хүнс идвэл түүнийгээ боловсруулах гэж бие махбод их ядарч тамирддаг үе байдаг.  Тиймээс жимс хүнсний ногоо, цагаан идээ зэргээр хөнгөн хоолловол илүү тохиромжтой.

Бичлэг үзэх:

-Гэтэл бид зундаа, бүр тодруулбал баяр наадмын өдрүүдээр мах их иддэг нь биед ачаалал өгдөг байх нь ээ?

-Бид наадам, амралт зугаалга гээд  л шарсан хуурсан хүнд хоолыг зооглож элгээ маш ихээр хордуулдаг. Ингэж шарсан хуурсан мах идэж, өөх тосыг хэтрүүлэн хэрэглэх  нь цаашид олон өвчний суурийг тавьдаг. Энэ жилийн наадмаар хэтрүүлж идэхэд аль нэг өвчний суурь тавигдсан бол дараа жил үрэвсэл нь дахиад ихэснэ гэх мэт. Энэ мэтээр 10, 20 жилийн дараа ходоодны хавдар, элэгний цирроз буюу хатуурал гэх мэт өвчлөл үүсдэгт гайхах зүйлгүй.


-Цагаан идээ, сүүн бүтээгдэхүүнүүд тэнцвэртэй хооллолттой хэр зохицдог вэ?

-Зөв цагтаа тохиромжтой хэмжээгээр цагаан идээ, өрөм ааруулыг хэрэглэхэд болно шүү дээ. Жишээ нь завсрын цагуудад идвэл илүү тохиромжтой санагддаг. Гэтэл манайхан унтахынхаа өмнө тараг уудаг. Европын орнуудын  судалгаануудыг уншиж судалж байхад сүү, таргийг унтахын өмнө хэрэглэхийг зөвлөдөггүй.  Эдгээр хүнснүүд нь маш өндөр калоритай учир  шөнө унтаж амрах үедээ боловсруулахын  тулд хүний бие маш их ядардаг байна. Жишээ нь өглөө унтаад сэрэхэд хүний бие  амарсан юм шиг мэдрэгдэхгүй байна гэдэг нь хэт оройтож хооллосон, эсвэл их хэмжээгээр идсэн тул, шөнийн турш  хүний бие организм хоол хүнсээ боловсруулах гээд амраагүй байна гэсэн үг юм. 


-Одоо биологийн цагтаа тохируулж идэх тухайд ярилцъя?

-Хүний бие организм хэзээ унтаад, хэзээ хоолоо идвэл эрүүл байх вэ гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй ухагдахуун  юм. Тиймээс зөв цагт хоол хүнсээ тохируулан идсэнээр хүний бие эрүүл байх боломжтой.


6.30-7 цаг
600 гр ус ууна
Мэдээж  хүйтэн биш өрөөний температурт тохирсон ус ууна. Ер нь усыг бага багаар балгаж ууснаар хүний биед илүү  шингэдэг. Нэг дор их хэмжээгээр  уусан ус хүний биед шингэлгүй шууд л шээс болон гадагшилна.
 
Хэт хүйтэн ус өлөн элгэн дээрээ уувал ходоод эмзэгшдэг, халуун ус уувал  ходоодонд ялзрал явагддаг.

Мөн өдрийн турш 6-8 аяга усыг 18:00 цагаас өмнө хуваарилан уух нь ач холбогдолтой. Бөөрөнд ачаалал өгөх учраас орой 18 цагаас хойш ус уухгүй байх хэрэгтэй.
7-8.30 цаг
Өглөөний цай ууна
Учир нь энэ цагт бидний элэг цөсний ялгарал явагддаг учраас элэг, цөсөө дэмжээд өглөөний цайгаа тогтмол ууж хэвших хэрэгтэй.
Мөн хүний дархлаа хамгийн өндөр дэмжигддэг үе тул өглөөний цайгаа  ууж  дархлаагаа дэмжих нь чухал юм.
11 цаг
Хөнгөн хооллоно
Учир нь өглөөнөөс хойш өдрийн хоолны цаг хүртэл юм идэхгүй явбал цусан дахь сахрын хэмжээ хэлбэлзэнэ.
 
Хүний цусан дахь сахар олон дахин хэлбэлзэх тусам хүний биед үрэвсэлт процесс явагддаг.

Иймээс энэ үед хэлэн дээрээ өл даах хөнгөн зууш тавих нь зөв юм.  
13 цаг
Өдрийн хоол иднэ
Үдээс өмнө алдсан энергиэ нөхөхийн тулд хоол иднэ
16 цагт
Хөнгөн хооллоно
Хүний тархины үйл ажиллагаа буурдаг үе тул тархиа дэмжиж  хөнгөн зууш, жимс эсвэл 30 гр ургамлын үр идэхэд нэн тохиромжтой.

Ингэснээр та оройн хоолоо хэтрүүлэхгүй байхад сайнаар нөлөөлдөг шүү.
19 цагт
Оройн хоол иднэ
19:00 цагаас хэтрүүлэхгүй хөнгөн хооллох нь тохиромжтой бөгөөд, шөнө унтаж амрахдаа биеэ бэлдэн өөх тос, нүүрс ус багатай хоол зооглох хэрэгтэй.


-Та биеийн цэвэрлэгээг хавар хийдэггүй гэлээ. Тэгвэл хэдийд илүү тохиромжтой байдаг вэ?

-Монгол хүний бие организмд цэвэрлэгээ хийхэд хамгийн тохиромжтой улирал  бол  намрын улирал бөгөөд, бүдүүн нарийн гэдсээ 8-р сарын 15 аас 10-р сарын 15 –ны хооронд цэвэрлэдэг уламжлалтай байсан байна. 

Энэ үед үр тариа, будаа, жимс ногоо боловсорсон, дэлгэр сайхан цаг тул хүний биеийн ходоодны гал арвиддаг шарын улирал болно. Иймд хүний биеийн дотоод халуун нэмэгддэг улирал гэж үзэж цэвэрлэгээ хийж биеийг тэнцвэржүүлж, амин дэмээр тэтгэж өвөлдөө хүн хоол зооглох бэлтгэлийг базааж тамирыг тэтгэдэг байна. 

Үүнтэй холбогдуулан манайх 5 хоногийн хоргүйжүүлэх хөтөлбөрөө намрын улиралд явуулдаг. Энэ хөтөлбөрөөр хэрхэн жимс ногооны дэглэмээр 5 хоног цэвэрлэгээ хийх аргыг заадаг. Ямар ч дэглэмийг 3, 5 хамгийн ихдээ 7 хоногоос хэтрүүлэхгүй байхад  анхаарах хэрэгтэй шүү. 


-Эрүүл зөв хооллож, олон төрлийн ногоо хүнс хэрэглэхээр сар тутмын хоолны зардал нэмэгдэх юм шиг ойлгодог хүмүүс бий. Үнэхээр тийм байдаг уу?

-Үнэндээ эрүүл, зөв хооллоход тийм үнэтэй тусдаггүй. Яг л зөв орц, нормын дагуу хоол хүнсээ тохируулж хэрэглэхэд эрүүл мэнддээ ашиггүй хүнс хэрэглэхгүй түүнд зардал гаргахгүй, харин бодит үр дүнтэй зөв хүнсэндээ зарцуулж буруу зуршилд гаргадаг зардлаа хэмнэсэн байдаг.  

Жишээ нь зөвхөн цагаан будаа иддэг байсан бол  будааны сонголтоо олон болгоод бор, шар, гурвалжин гээд олон төрлийг  нөөцлөөд тавьсан байхад  сарын хэргэлээ тийм ч хурдан дуусахгүй жишээтэй. Илүү хэмнэлттэй болдог. 

Тухайлбал би тэнцвэртэй хооллолтын сургалт явуулахдаа шавь нартаа 7 хоногийнхоо хүнсийг төлөвлөн  тэмдэглэл  хөтлөхийг зөвлөдөг. Долоо хоногийн турш ямар хоол хийх, ямар орц нормоор материал бэлдэхээ тэмдэглээд явахаар  ялгааг нь илүү ойлгоно доо. 


-Ер нь юу биднийг буруу хооллолт руу хөтөлдөг юм бэ?

-Энэ нь цэвэр амьдралын  буруу хэвшилтэй холбоотой. Буруу цагт унтдаг, буруу цагтаа босдог, буруу цагт хооллодог гэх мэтчилэн хөвөрнө. Надад ч гэсэн өглөө 9 цагтай уралдаж босоод, юу ч идэлгүй гардаг байсан үе байсан. Тэгээд орой гэртээ орж ирээд юу хэдэн ч цагт хамаагүй хооллоод  унтдаг үе байсан.  Энэ бүгд өвчлөлийн суурийг тавьж байсныг хожим ойлгосон. 

Мөн хүмүүс эрүүл зөв хооллолтын талаар мэдлэг дутмаг байдаг. Сүүлийн үед мацаг их  барих болсон. Гэтэл тухайн хүн мацаг барих хэмжээнд бие болоод сэтгэлзүйгээ бэлдсэн үү гэдэг бас л асуудал. Тиймээс тухайн хүн өөрөө энэ хооллолтын хэв маяг надад тохирох уу гэдгийг өөрөөсөө үргэлж асууж, судалж, шинжлэх ухаанчаар ханддаг байх хэрэгтэй.   


-Буруу хооллоод олон жил болчихсон бол хэдий хэр хугацаанд зөв эрүүл хооллолт руу шилжиж чадах вэ?

-Хүнд аливаа дадал суухад хамгийн  багадаа 21 хоног, дээд талдаа 156 хоног дадал хэвшил болдог гэсэн судалгаанууд байдаг. Миний бодлоор хэр олон жил буруу хооллосон тэр хэмжээний бохирдол хүний биед байдгаас шалтгаалан энэ зөв дадал хэвших хугацаа хэлбэлздэг гэж ойлгосон. Мэдээж цаг хугацаанаас гадна тухайн хүнээс хүчин чармайлтаас бас шалтгаална. 

Тиймээс эрүүл хооллоё гэвэл хамгийн түрүүнд өглөөг зөв эхлүүлж хэвших хэрэгтэй. Өглөө зөв хооллоод гарахад бүтэн өдрийн ажлын бүтээмж өндөр байдаг. Орой гэртээ ядралтгүй, сэргэлэн цовоо орж ирдэг. Өглөөний хоолыг зөв идэж эхэлбэл халдварын бус өвчлөлөөр өвдөх магадлал 80 хувиар буурдаг гэсэн судалгаанууд ч байдаг. 

Бид заавал эмнэлгийн хаалганы өмнө очиж эрүүл хооллох ёстой гэдгээ ухаарах албагүй.  Өнөөдрөөс  л хэрхэн халдварын бус өвчлөлөөр өвдөхгүй, эмнэлэгт очихгүй байх ёстой вэ гэдгээ бодож, өөртөө, гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд  хариуцлагатай хандах хэрэгтэй.


La Balance Mongolia-н пэйж хуудсаар зочлох бол энд дарна уу