Youtuber Дола буюу Ц.Должинтой ярилцлаа. Тэрбээр “Im Dola” сувгаараа дамжуулан хүнд хэрэгцээтэй мэдээллийг эмх цэгцтэй хүргэдэг. Мөн маш чанартай бичлэг хийдэг youtuber-үүдийн нэг билээ. Цаашид өөрийн сувгаа хөгжүүлж контент бүтээх талаар сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна.


-Таны 29м.кв байраа тохижуулсан бичлэг залуусын сонирхлыг нэлээд татсан. Ер нь яагаад Youtube-д бичлэгээ байршуулах болсон бэ?

-Өмнө нь хуучин ажлынхаа хүрээнд контент хийж байсан туршлага бий. Тэр хугацаанд өөрийгөө энэ тал дээр сонирхолтой юм байна гэдгээ олж мэдсэн. Тиймээс гадаадад сурах гэж байгаатайгаа уялдуулаад хичээл сургууль, аялал зэрэг өөрийн дуртай сэдвийн хүрээнд бичлэг хийхээр шийдсэн юм. 

2019 оны сүүлээр бичлэгээ хийж эхэлсэн ч зэрэгцээд цар тахал гарч явж сурах зэрэг төлөвлөж байсан зүйлс хойшилчихсон. Ингээд л бичлэг хийх сэдэвгүй болчихсон хэрэг. Явах хүртлээ хятад хэл сурч, байраа янзалсан бичлэгээ оруулаад л хэсэг азная гэж бодож байсан юм.


-Тэр бичлэгээсээ урам авсан байх нь ээ?

-Яг үнэндээ тогтмол контент оруулна гэж бодоогүй. Гэтэл байраа засаж тохижуулж байгаа бичлэг боломжийн хандалт авсан. “Үүнийг хаанаас авсан бэ”, “Засвараа яаж хийв” гээд баахан асуулт, сэтгэгдэл ирсэн юм.

Тэр олон асуултад нэг бүрчлэн хариу өгөхөд нэлээн цаг орно ш дээ. Тиймээс нэгтгээд нэг бичлэг хийчихье гээд үргэлжлүүлсэн. Ингээд болно доо гэж бодсон юм л даа уг нь. /инээв/

Энэ бичлэгийн дараа олон хүн эерэг сэтгэгдэл үлдээсэн байв. Хийсэн зүйл минь хүмүүст хүрч, хандалт авахаар хүн урам авдаг юм билээ. Тэгээд л өмнө нь хийнэ дээ гээд бодчихсон байсан сэдвүүдээрээ бичлэг хийж болмоор санагдаад үргэлжлүүлэхээр шийдсэн.


-Youtube суваг нээмээр байвч, чадахгүй, зориглохгүй байгаа хүмүүст өөрийнхөө туршлагаас зөвлөвөл?

-Хүмүүс дуртай нь бичлэг хийдэг болжээ гэцгээдэг. Youtube гэдэг угаасаа л дуртай нь бичлэгээ хийдэг нээлттэй платформ шүү дээ. Тиймээс иймэрхүү үгнээс санаа зовоод хэрэггүй гэж зөвлөнө.

Анзаараад байхад анхны бичлэгүүд дээрээ би өөрийнхөө тухай нэг их дэлгээгүй юм билээ. Мэдээж өөрийн сонирхдог зүйлсээ ярьж байгаа ч хувь хүн нь ямар хүн бэ гэдэг нь тодорхойгүй байсан гэсэн үг. Харин байраа тохижуулсан бичлэгээ хийхдээ ямар ч текст бэлдэхгүйгээр яг өөрийнхөө бодож явдаг зүйлсээ л ярьсан.

 Дараа нь дагагчдын тоо ч нэлээд нэмэгдсэн. Өөрийнхөөрөө байгаа нь хүмүүст  “Надтай адилхан бодолтой юм байна, “Надаас өөр ингэж боддог байх нь” зэргээр үзэж байгаа хүмүүстэйгээ илүү холбогдож чадсан юм шиг санагддаг.  Үүний дараа яг өөрийн гэсэн дагагчтай болж эхэлсэн.  


Сөрөг сэтгэгдэл, элдэв шүүмжлэл, ирсэн ч  шууд өөртөө нааж хямрахааргүй хэмжээний сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой юм билээ



-Хүмүүсийн янз бүрийн хандлагаас хэрхэн санаа зовохгүйгээр өөрийгөө илэрхийлэх вэ?

-Нэгэнт л youtube хуудас нээж, хөгжүүлэх гэж байвал тодорхой хэмжээнд ил гарч ирэх нь чухал. Мэдээж хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг асуулттай нүүр тулна. 

Би л гэхэд тийм ч нээлттэй хүн биш шүү дээ. Айхтар дэлгэрэнгүй биш ч өөрийн орон зайгаа илэрхийлж, бусдад дэлгэнэ гэдэг амаргүй л санагдсан. Бусдын өмнө гарч ирснээр өөрийгөө шүүмжлүүлэх эрхийг ч бусдад шууд өгч байгаа гэсэн үг гэдгийг ухамсарлах ёстой. Энэ асуудалд хэт их санаа зовох хэрэггүй гэж анхлан бичлэг хийж байгаа хүмүүст зөвлөнө.  Сөрөг сэтгэгдэл, элдэв шүүмжлэл, ирсэн ч  шууд өөртөө нааж хямрахааргүй хэмжээний сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой юм билээ.


-Хандалтаа алдахгүй байхын тулд юун дээр түлхүү анхаардаг вэ?

-Бичлэг хийж эхлээд удаагүй учраас урт хугацаанд яг яах хэрэгтэйг нарийн сайн хэлж мэдэхгүй л байна. YouTube-ийн алгоритмыг харвал тогтмол бичлэг оруулаад байвал хүмүүст илүү их үзүүлэхээр санал болгодог. 

Сүүлд алгоритмын тохиргоо өөрчлөгдөж subscriber-ийн тооноос илүү тухайн үзэгчийг бичлэг дээр даруулах зорилготой анхаарал татсан сэдэв, гарчиг болон нүдэнд өртөхүйц нүүр зураг илүү чухал болсон.

Тэгэхээр хандалтаа өсгөхийн тулд цагаа бүрэн зарцуулж чаддаг YouTuber байж, трэнд сэдвүүдийг тогтмол барьж авна гэдэг үнэхээр хэцүү ажил. Тийм учраас илүү дутуу юманд санаа зоволгүй өөрийнхөө хиймээр байгаа сэдвүүдээр л бичлэгээ хийгээд явахыг илүүд үздэг. Зарим сэдвүүд угаасаа өндөр хандалттай байдаг бол заримыг нь хүмүүс бараг сонирхдоггүй.
Байнга үздэг, тодорхой тооны үнэнч үзэгчтэй болох нь хандалтаа хадгалах гол арга гэж би боддог. 


-Тодорхой хэмжээнд өөрийн гэсэн үзэгчтэй, сэтгэгдлээ хуваалцдаг хүрээлэлтэй болчихсон. Таны бичлэгүүд бусдаасаа юугаараа ялгаатай вэ?

-Бичлэг хийхдээ хоёр зүйлийг баримтлахыг хичээдэг. Хамгийн эхэнд хийц, эвлүүлгийн хувьд маш чанартай байх ёстой. Бас агуулгын хүрээнд хүнд хэрэгтэй мэдээлэл хүргэчих юмсан гэсэн хоёр зүйлийг чухалчилсан.

Миний хувьд гэвэл хүнд хэрэгцээтэй зүйлийг  хүргэх юм сан гэсэн гол агуулгаа баримталдаг. Үүнийгээ л сонирхолтой байдлаар хүргэхийг хичээж байна. 


-Бичлэг хийхдээ юунд анхаардаг вэ, төлөвлөгөө гаргадаг уу?

-Мэдээж төлөвлөгөө гаргалгүй яахав. Юун түрүүнд сэдвээ тодорхойлоод ямар дараалалтай ярих, аль дүрсийг хаана нь харуулвал сонирхолтой байх вэ гээд видеогоо дотроо төсөөлдөг. Бүх юмаа тодорхой болгосныхоо дараа зураг авалтаа хийдэг.

Тэгэхгүйгээр шууд л тааралдсан дүрс болгоноо аваад байх нь цагийн гарз. Дараа нь янзлахад төвөгтэйгөөс гадна, эвлүүлгийн ажил сунжрахад хүргэдэг гол алдаа энэ.


Хүн ямар нэгэн юмыг хийгээд эхлэхээрээ тухайн зүйлтэйгээ холбоотой юмыг өөрийн эрхгүй анзаараад, учраа олоод эхэлдэг



-Youtube суваг нээх, хөгжүүлэх талаар асуултууд хэр их ирдэг вэ. Үүнд ямар хариулт өгдөг вэ?

-Иймэрхүү асуултууд их ирдэг. Түрүүн хэлсэнчлэн урт хугацаанд хэрхэн хөгжүүлэх хэрэгтэйг сайн мэдэхгүй байна. Одоохондоо миний харснаар бол эхлээд ямаршуу сэдвээр бичлэг хийхээ тодорхойлох хэрэгтэй санагддаг. Мөн зураг авалт, эвлүүлэгийн хувьд заавал ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн зүйл байхгүй. Гэтэл хүмүүс “яаж” гэж бодсоор байгаад хийхгүй цаг алдаад байгаа юм шиг санагддаг. Үүний оронд хийгээд эхэлчихвэл аргаа олоод эхэлнэ. 

Өмнө нь бичлэг үзэхдээ эвлүүлэг, дүрсний илэрхийлэмж зэргийг анзаарч хардаггүй байсан. Одоо юм үзэж байхдаа “яаж хийсэн юм бол, ингэж хийвэл гоё юм байна” гэж бүтээлч нүдээр хардаг болчихсон. Тиймээс ганц бичлэг гэлтгүй, ямар ч шинэ ажилд сониуч зан чанар маш чухал. Сониуч хүн аливаа юмны арга учрыг аяндаа олдог.


-Youtube дээр бичлэг байршуулаад амархан мөнгө олно гэж боддог хүмүүс байдаг. Youtube-ээс мөнгө олох буюу цалинжих процесс төвөгтэй юу?

-Юун түрүүнд цалинжих эрхтэй болохын тулд таны суваг 1000-аас дээш subscribers-тай болох ёстой. Бас бичлэгийг үзсэн хугацаа 4 мянган цагт хүрч байж үүсдэг. 

Ингэснээр таны орлого мянган үзэлт тутамд хэчнээн мөнгө олж байгаагаар хэмжигдэнэ. YouTube-д сурталчилгаа их байршуулдаг гадны улсуудаас үзэгчтэй тохиолдолд илүү их мөнгө олно. Харин Монголд энэ тоо бага учраас цалинжих эрхээс илүүтэй байгууллагуудтай хамтарснаар илүү орлого олох боломжтой.

Миний хувьд цөөн хэдэн газартай хамтарч ажиллаж эхэлсэн. Гэхдээ бүтээгдэхүүн үйлчилгээ нь миний амьдралын хэв маягтай нийцэж байна уу гэдэг чухал шалгуур бий. Зарим байгууллага дээрэнгүй санал тавих, өөрсдийнхөө санааг хэт тулгах тохиолдол гарсан. Тийм учраас хамтын ажиллагаан дээр их нухацтай хандаж байна.


-Одоогоор дан ганц контент хийх дээр төвлөрч байна уу, өөр ажил давхар эрхэлж байгаа юу?

-Бичлэгээ хийнэ бас бус ажлаа ч амжуулж байна. Манайх худалдааны бизнес эрхэлдэг, мөн найз залуу маань өөрийнхөө студийг үүсгэн байгуулаад явж байна. Аль алиных нь үйл ажиллагаа өргөжиж, ажилтны тоо нэмэгдэхийн хэрээр санхүү, менежментийн туслалцаа шаардлагатай болсон тул өөрийнхөө чадлаар туслаад явдаг. Бичлэг хийцийн хувьд чанартай байдагт миний хамтрагч, найз залуугийн маань тус их. Сурах төлөвлөгөөний хувьд энэ зун Австрали явах ёстой байсан ч цар тахлын хязгаарлалтын улмаас цахимаар мастерт сурч эхэлсэн. 


 

-Өмнө нь Ард Санхүүгийн Нэгдэлд маркетинг хариуцсан захирлаар ажиллаж байсан гэж сонссон. Таны анхны ажил байсан уу?

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэг хэсэг болсон дурсамж твиттерийн жиргээнээс эхлэлтэй. Ч.Ганхуяг захирал нягтлан авна гэж жиргэснийг уншсан юм. Тухайн үед СЭЗИС-ийг нягтлан мэргэжлээр төгсөөд удаагүй үе. Хэдийгээр ажилд орчихсон байсан ч өсөж дэвжих хүсэл, шинэ орчин надад хэрэгтэй санагдсан тул цаасны тал ч хүрэхгүй танилцуулгаа шивээд явуулчихсан. 

Хэд хоногийн дараа Ч.Ганхуяг захирал надтай холбогдсон юм. Утсаар “Чи чинь уг нь ажилтай юм байна, яагаад манайхыг сонгож байгаа билээ” гэж асуусан. Хариуд нь би “Надад өөрийгөө хөгжүүлэх, сорих хүсэл бий” гэж ирээд их л дэврүүн ярьсан. Тэгээд очиж уулзаад, ажилд орсон доо.


-Нягтлан бодогч мэргэжлээр анх ажилд орсон ч яагаад маркетингийн хүн болохоор шийдсэн юм бэ? 

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьд нас, туршлага харгалзахгүйгээр “чадна, болно” гэж бодсон хүнээ шууд албан тушаал дэвшүүлж чаддаг, шинэлэг соёлтой байгууллага. Намайг ажилд ороод удаагүй байхад манай компанийн гүйцэтгэх захирал гадагшаа сурахаар явж, шинэ захирал томилох гэж байсан юм. 

Тэр үед Ч.Ганхуяг захирал “Чи хийж чадах юм биш үү” гэж асуугаад томилчихсон.  Дараа нь янз бүрийн санаа гаргаад гүйж явахыг анзаарсан юм болов уу, намайг  маркетинг хариуцсан захирлаар томилсон. “Нэг оролдоод үзвэл яаж байна гээд”  итгэл хүлээлгэсэн юм. 


-Залуухан захирлын хувьд мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан уу?

-Мэдээж зөндөө. Тэр чадахгүй бүхнээсээ харин ч их зүйл сурсан гэж боддог. Олон төрлийн төсөл дээр ажиллаж үзсэн учраас юунд дуртай, хойшдоо юу хийх хүсэлтэй байгаагаа мэдэж авсан. 


-Сүүлийн асуулт. Таныг Youtubе контент хэрхэн бүтээх тухай сургалт хийх гэж байгаа гэж сонссон. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу? 

-Яаж бичлэг хийх вэ гэдэг асуулт надад бараг өдөр бүр ирдэг. Тиймээс ганцхан YouTube бичлэг хийх ч биш ер нь ямар ч зорилготой байсан бичлэг хийхдээ юун дээр анхаарвал зүгээр, яаж хийх тухай мэдээлэл өгөх зорилготой сургалт хийхээр шийдсэн. 

Сургалтаараа өөрийнхөө санааг хэрхэн илэрхийлэхээс авахуулаад зураг авалт, гэрэлтүүлэг, эвлүүлгийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Ирэх сарын нэгнээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Харин ямар платформ дээр байршуулахаа одоогоор шийдээгүй байгаа. Удахгүй тодорхой болно.


Түүний YouTube сувгийг сонирхоорой: