Сэтгэл засалч эмч, клиникийн профессор Ч.Ганцэцэгтэй хөл хорионы үеийн сэтгэл зүйн хямралыг хэрхэн даван туулах вэ сэдвээр ярилцлаа. 


-Цар тахлын үед хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт орж, хямарч байна гэж яригдах боллоо. Чухам ямар өөрчлөлтүүд анзаарагдаж байна вэ?

-Олон улсын сэтгэл засалч эмч нарын нийгэмлэгээс цар тахлын үед стрессийн эмгэг үүсэж байна гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ.

Хүн ямар нэг зүйлээс айж цочирдсон, гутарч шаналснаас болж сэтгэл зүйн хувьд гэмтэл авдаг.  Энэ нь тэрхүү цочрол авснаас хойш гурван сарын хугацаанд гэмтлийн дараах стрессийн эмгэг үүсдэг. 

Сүүлийн хоёр жил шахуу хугацаанд хөл хорионы улмаас хүмүүс гэртээ ихэнх цагийг өнгөрүүлсэн. Үүнээс болж стрессдэх нь нэмэгдэж, хугацаа нь уртасч байна. Ийм гэмтэл авсан тохиолдол нойргүйдэх, төвлөрөл муудах, бухимддаг.


Гэртээ удаан хугацаанд байхаар энгийн жижиг зүйлсэд ч уурлаж бухимдаж байна. Нэг үйлчлүүлэгч маань нөхрөө нусаа чанга татлаа, гутлаа чирч явлаа гэж уурласан байгаа юм. /инээв/ Тиймхэн дуу чимээ хүртэл тээртэй байна гэж ярьж билээ./инээв/ Үнэндээ нусаа татсан нь уурлах шалтгаан байгаагүй. Хүмүүс нусаа татаж л байдаг шүү дээ.  Тэр хүн өөрөө л бухимдсан байгаагийн илрэл нь иймэрхүү жижиг зүйл дээр илэрч байгаа юм.



-Тэгэхээр хөл хорионы үе бараг бүх хүний сэтгэл зүйд өөрчлөлт өгсөн байх нь ээ?

-Бид завгүй амьдралын хэмнэлээр ажиллаад сурчихсан. Гэтэл гэнэт л хөл хорионоос болж гэр гэртээ бүгэцгээсэн шүү дээ. Зарим нь гэрээсээ ажилласан. Харин зайнаас ажиллах боломжгүй хүмүүсийн хувьд орлого тасалдаж, эдийн засгийн хувьд хүнд байдалд орж, асуудал хөвөрсөн нь сэтгэл зүйд нь хүндээр туссан. 

Ер нь эдийн засгийн асуудал сэтгэл зүйд хамгийн том цохилт болдог. Насанд хүрсэн хүмүүс гэлтгүй хүүхдүүд ч хичээл сургуульдаа явахгүй байгаа нь зан харилцаанд нөлөөлж байна. Сургуульд явна гэдэг зөвхөн хичээл хийхийн л нэр биш. 

Хүүхдүүд нэгэнтэйгээ тоглож, найзуудтайгаа уулзаж чадахгүй байгаа шүү дээ. Үүний цаана нийгэм, хүмүүжил төлөвшлийн ач холбогдолтой бидний олж хардаггүй, анзаарагдаггүй зүйлс их бий.

Бичлэг үзэх: 


-Тэгвэл энэ стресс бухимдал, сэтгэл зүйн хямралаа  хэрхэн даван туулах вэ? 

-Амьсгалаа уртаар авч гаргах, байгальд гарч сэтгэлээ сэргээх гээд л олон янзын арга бий. Эдгээр нь хэсэгхэн хором л тайвшруулахаас биш бүр сэтгэлийн гүн дэх асуудлыг бүрэн эдгээхэд тус болох гол арга биш.  Сэтгэл санаа тавгүйрхэж, хямарсан үедээ мэргэжлийн сэтгэл засалчаас тусламж авч, урт хугацааны эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.

Манайхан сэтгэл гутралд орсон гэдэг үгийг эсвэл сэтгэлзүйн эмчилгээ хийлгэнэ гэдгийг буруу ойлгодог талтай. Бараг галзуурчхаад үзүүлж байгаа юм шиг л хүндээр хүлээж авдаг. Уг нь сэтгэл зүйчид хандана гэдэг ердийн л зүйл шүү дээ.

Шүдээ өвдвөл шүдний эмчид үзүүлдэгтэй л адил, нэг төрлийн үйлчилгээ юм. 


-Хүн дотоод мэдрэмжээ таньж, ойлгоогүйгээсээ болоод урт хугацаанд дотроо зөрчилдөж, шаналж цаашлаад асуудалд ордог гэсэн. Ийм байдалд орохгүйн тулд хэрхэн өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таних ёстой вэ?

-Заавал эмчид хандахгүйгээр давж гарах арга хайж байвал эхлээд өөрийнхөө мэдрэмжийг ойлгож мэдэх нь чухал. Өөрийгөө анзаар, уйтгар гунигтай, эсвэл уурлаад байна уу, ямар нөхцөлд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгээ ажиглаж мэдэх хэрэгтэй.

Үүний дараа орчин, нөхцөлөө зөв үнэлэх хэрэгтэй. “Бүтэхгүй нь, болохгүй нь” гэж хоосон шаналах биш “Нөхцөл байдал ийм боллоо, цаашид яах билээ” гээд асуудлуудаа танин мэдэж, зөв алхам хийх зорилготой асуултыг тавьж, бодож эхлээрэй.

Цаашлаад эргэн тойрны хүмүүс маань хөл хорионы үеэр ямар байгаа бол, би л ганцаараа санаа зовоод байгаа юм уу, эсвэл тэднийгээ анзаарахгүй байна уу гэдгээ ажиглаарай. 


Асуултаа зөв тавьж, бодож эргэцүүлэхээр төрж буй мэдрэмжийг гэмших сэтгэл гэнэ. Их, бага ямар нэг хэмжээгээр гарсан асуудал болгонд өөрийгөө буруутгаад “Би л тэгэх ёстой байж…” гэсэн мэдрэмж төрдөг дөө. Энэ нь эргээд асуудлыг улам дордуулдаг.


-Тэгвэл өнөөгийн цар тахлын нөхцөлд яг ийм хямралтай байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Тухайн үеийн нөхцөл байдлаас өөрийгөө чөлөөлж “Цар тахал гараад л ийм болчихлоо”, “Арай өөр боломж олдох байх...” гэж аль болох эерэгээр бодох хэрэгтэй. Нэг ёсондоо өөрийгөө өмөөрч болно гэсэн үг. Та л өөрийгөө өмөөрч, хамгаална шүү дээ.

Бас одоогийн нөхцөлд юу хийх ёстой вэ, нөөц боломж байна гэдгээ бодитоор бодож эргэцүүлээрэй. “Яавал үүнийг даван туулах вэ?” гэж бод. Асуулт гаргаж бодох нь хүний тархины ажиллагаа сэргэж, идэвхтэй ажиллуулдаг.

Үндсэндээ гаргалгаа олддог гэсэн үг.

Тархиа ажиллуулахын тулд зүгээр суух биш дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэр дундаа ганцаараа биш гэр бүлээрээ, шинэ зүйл оролдож үзэх зэргээр анхаарлаа эерэг зүйл рүү төвлөрүүлэх хэрэгтэй. 


Аудио сонсох:


-Өөдрөг байх нь сэтгэл зүйн маш том дархлаа гэж ойлгож болох уу?

-Хүн өөр зүйл бодож, хөөрч баяссаныхаа дараа стресс бухимдалгүй, эрүүл ухаанаар асуудлынхаа гарц гаргалгааг олж чаддаг.

Туршилтаар гүйлтийн зам дээр гүйлгээд дааврыг нь шалгаж үзэхэд стрессийн гормон маш ихээр ялгарсан байгаа юм. Гэтэл эсрэгээрээ цагийн турш зүгээр л инээмсэглүүлээд суулгахад аз жаргалын гормон тэсэрч дэлбэрч байгаа юм шиг л их хэмжээгээр ялгарч байгаа нь батлагдсан.

Тэгэхээр “инээх яах вэ ажил...” гэж стрессдээд байх хэрэггүй нь харагдаж байгаа биз.

Өөр зүйлд сатаарах, тухайн мөчөө аз жаргалтайгаар мэдрэх олон арга бий.

Хүүхэдтэйгээ хамт youtube-ээс хөнгөн аятай, бүжигтэй бичлэг үз, хамт бүжиглэ, зааж өгөөд хөгжилдөөд үзээрэй. Хүүхэд чинь эсвэл та тэр бүжгийн хөдөлгөөнийг заавал зөв хийх албагүй шүү дээ, оролдож байгаа тэр хэсэг чинь инээдтэй хөгжилтэй мөч юм. Бие биеэ шоолж инээх үед гэр бүлд эерэг дулаан уур амьсгалыг бүрдэнэ.


-Бодлоо зөв чиглүүлэх чухал байх нь ээ?

-Бодол эерэг байх ёстой. Гэхдээ дан ганц эерэг байж, сайн сайхан дээр л төвлөр гэсэн үг биш шүү дээ. Хэтэрхий их сайн сайхныг бодохоор хүн ямар нэг бэрхшээл, асуудлыг хүлээж авч чадахаа больчихдог. Тэгэхээр заримдаа тухайн асуудлаасаа бүр илүү муу хувилбарыг нь ч бодож үзэх хэрэгтэй.


Асуудлыг олон талаас нь сайнтай, муутай нь бодож үзэх нь тухайн тохиолдлыг хэт хүндээр хүлээж авахгүйгээр, уужуу тайван бодож, зөв шийдвэр гаргахад тусалдаг.


Жишээ нь ажлаасаа халагдчихсан бол гутралгүйгээр “Би ямар ажил хийх вэ, шинэ ажил олтлоо яаж даван гарах вэ” гэж бодох нь чухал. Ингэснээр та хийж чадахгүй байсан зүйлээ өөрөөр харна, “Үүнийг л хийхгүй бол болохгүй юм байна” гэсэн бодно, өөртөө итгэж, шинийг эхлүүлдэг.

Аливааг сайн муугаар хослуулж, тэнцвэржүүлж бодож сурах нь маш чухал.

Сайн үр дүн гарлаа гэхэд “Би юуг авах  вэ… саар үр дүн гарахад би юуг алдаж, ямар шинэ зүйл мэдэж авав” гэсэн итгэл үнэмшил зэрэгцэж байх ёстой.

Ер нь бодлоо зөв тэнцвэржүүлээгүйгээс л болж асуудлыг хэт хүндээр хүлээж авч, сэтгэл зүйн хувьд гэмтэл авах шалтгаан болдог. 


-Архи, согтууруулах ундаа хэрэглэж стрессээ тайлж байна гэдэг. Энэ хэр үр дүнтэй арга вэ?

-Хөл хорионоос болоод ахуйн хүрээний архидалт өсөж байна. Эргээд харахад энэ ч бас стрессээ тайлж чадахгүй байгаатай холбоотой. 

Стрессийн гормон архи согтууруулах ундаа хэрэглэвэл бусад аргаас илүү хурдан хугацаанд багасдаг. Өөрөөр хэлбэл маш хурдан хугацаанд стрессээ тайлж чаддаг. Гэхдээ согтууруулах ундааны хэмжээнээс хамааралгүй гэсэн үг. Та нэг хундага, шил архи уусан ч бай ижил үр дүн үзүүлнэ. 

Гадны оронд бол 50 грамм архийг хундагаар биш аягаар уудаг. Ингэхдээ мөс хийж, хийжүүлсэн ундаатай хольж, бага багаар шимж ууна. Энэ хугацаандаа бусадтай ярилцаж, тоглоом тоглох зэргээр цагийг өнгөрүүлдэг. Бага хэмжээгээр согтууруулах ундаа ууж, стресс бухимдал нь багасаад ирэхээр хүн нэмж уухаа больдог.

Хийжүүлсэн ундаатай хольж уух нь ч бас учиртай. Энэ төрлийн ундаанууд гэдсэнд дүүрсэн мэдрэмж өгч, тархинд автоматаар нэмж ууж болохгүй гэсэн дохио өгдөг. Ингэж хэмжээгээ тааруулж, архи согтууруулах ундааг ууж чадвал биеэ хордуулахгүй. Согтохгүй, шогтохгүйгээр стрессээ түргэн гаргачихаж болно л доо.

Бичлэг үзэх: