Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаатай ярилцлаа. 


- 18-аас дээш насны хүн амын ихэнх нь вакцинд хамрагдсан. Гэсэн ч халдварын тархалт буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Үүнийг шууд вакцины үр дүн муу байна гэж дүгнэж болохгүй. Вакцины үр дүн хэр сайн байгааг тогтоохын тулд халдвараас сэргийлэх, хүндрэлээс сэргийлэх, нас баралтаас сэргийлэх чадваруудыг хооронд нь харьцуулж байж гаргадаг. 

Тэгэхээр халдвар тархалтаас сэргийлж чадахгүй байгаа нь муу вакцин гэсэн үг бол биш. Энэ бол нэг л үзүүлэлт нь. 

ЭМЯ-аас нас барсан хүмүүсийн 10 хүн тутмын хоёр нь вакцинд бүрэн хамрагдаж, дархлаа тогтсон байна гэж мэдээлж байна. Эндээс үзэхэд л Монголд хийгдэж байгаа вакцинууд нас баралтаас 80 хувьтай хамгаалж байна шүү дээ. 



-Вакцин тариулсны дараа эсрэг биетийн шинжилгээ өгч дархлаа тогтсон эсэхээ шалгах хэрэгтэй юу. Ийм шинжилгээг ямар ч хэрэгцээгүй гэж нэг хэсэг ярьсан. Гэтэл нөгөө хэсэг заавал хийлгэх ёстой гэж ярьж байна...?


-Эсрэг биетийн шинжилгээгээр монголчууд ердөө тоог нь л шалгуулаад, шинжлүүлж байна. Гэтэл тооноос илүү тухайн эсрэг биед халдварын тархалтаас сэргийлэх, өвчлөл авахгүй байх чанар нь хэр зэрэг байна вэ гэдгийг шалгах нь илүү үр дүнтэй зүйл л дээ.

Зарим хүмүүс вакцин хийлгээд л “Дархлаа тогтчихлоо, би тусахгүй” гэж эндүүрч байна. Үүнээсээ болоод гадуур чөлөөтэй явж, халдвар тээгч болоод байна шүү дээ. 


-Нийгмийн сүлжээнд зарим хүн “Хурдхан шиг ковидын халдвар аваад эдгэчихсэн нь дээр юм биш шүү” гэж их ярих болжээ. Ийм бодолтой байгаа хүмүүст та юу зөвлөх вэ? 

-Ер нь ямар ч хүн энэ ковидын халдварыг аваад эдгэчихье гэж бодож болохгүй.

Яагаад гэвэл нэгдүгээрт өвчлөл хүндэрвэл уушгины дутагдал орох зэргээр маш аюултай, ноцтой нөхцөлд хүрч болзошгүй.

Хоёрдугаарт, хөнгөн хэлбэрээр тусаад өнгөрлөө гэхэд тухайн хүний онцлогоос хамаарч халдварын дараах үлдэцтэй болох нь цөөнгүй байна. 


Дэлхий дахинд гаргасан судалгаагаар ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүсийн 30 гаруй хувь ямар нэг ужиг үлдэц болж байгаа гэсэн. Зарим орны судалгаагаар бүр 50-60 хувьд ч байна. 

Манай эмнэлэгт ч мөн ковидын дараах үлдэцтэй хүмүүс цөөнгүй ирсэн. Тиймээс л аль болох энэ өвчин тусахгүйг л хичээх хэрэгтэй. Маскаа зүүж, гараа угаах нь одоо ч хэрэгцээтэй үр дүнтэй арга хэвээр гэдгийг онцлон хэлье.


-Ковидын дараах үлдэц гэхээр тухайлбал яг ямар өвчин байна вэ, шинж тэмдэг бий юу? 

 -Арав гаруй жилийн өмнө дэлхий нийтэд SARS-ын халдвар тархсан. Энэ халдварыг авсан хүмүүсийн дунд урт хугацааны ядаргаа сульдаанаас эхлээд зүрх судасны өвчин хүртэл сүүлийн жилүүдэд илрэх болсон. Ковид бол үүнтэй ижил төсөөтэй учраас ийм хүндрэл гарах нь тодорхой. 

Одоогоор мэдэгдэж эхэлсэн хүндрэлүүд ч байна. Тухайлбал ковидын халдвар аваад эдгэчихсэн ч ханиалгах, амьсгал нь бачуурах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил өөрчлөгдөх шинж тэмдэг илэрч байна. Хүн, хүний онцлогоос хамаарч багадаа 2-3 сар, цаашлаад хэдэн арван жилээр ч үргэлжилж магадгүй.


Мөн тархи мэдрэлд нөлөөлөх нь ч байна, толгой байнга дүйнгэтэж өвдөх, нойргүйдэлтэй болсон хүмүүс ч бий. Сэтгэл санаа тогтворгүй болж, стресст амархан өртдөг болж байна. 

Зарим тохиолдолд бүр шорвог амтыг чихэрлэг, чихэрлэг амтыг шорвог гэж амталж байна.  Өөрөөр бол ковид тусаад амт үнэр мэдрэхгүй байснаа эдгэрсэн хойно хүний амтлах мэдрэмжид нь өөрчлөлт орж байна гэсэн үг.


Бичлэг үзэх: 


-Тэгвэл ковидын үлдцийг хэрхэн эмчлэх вэ ? 

-Ер нь үлдэц архаг өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар эдгээвэл тохиромжтой байдаг. Уламжлалт эмчилгээ аливаа өвчнийг уг үндэсээр нь эдгээхэд үр дүн сайтай. Одоогоор Монголд, олон улсад ч ковидын дараах үлдцийг хэрхэн эмчлэх албан ёсны захирамж, заавар зөвлөгөө гараагүй.

Гэхдээ уламжлалт анагаах ухааныг өргөнөөр хэрэглэх боломж бүрэн бий. 

Монгол Улсын хэмжээнд гэхэд л өвчлөөд эдгэсэн 100 мянга гаруй хүн байна.Тэгэхээр зөвхөн туссан хүмүүсээ эмчлэхийн хамт ковидын дараах үлдэцтэй хүмүүст ч анхаарал хандуулахгүй бол нас барж байгаа тохиолдлууд ч байна. 

Үлдэцтэй хүмүүсийг сувилах сувилал гэх мэт газруудын хэрэгцээ өндөр байгааг тооцоолох ёстой.

Хэрхэн эмчлэх заавар удирдамж нэгдсэн байдлаар гаргах хэрэгтэй.  Хүн бүрийн онцлог, шинж тэмдгээс хамаарч өөр өөр арга барил эмчилгээ хийнэ. Азаар уламжлалт эмчилгээ энэ тал дээр харьцангуй уян хатан шинжтэй. 


-PCR шинжилгээ үнэтэй хийж байгаа учраас хүмүүс зарим шинж тэмдэг тохирч байвал мөнгө зарлагдаж шинжилгээ өгснөөс шууд л эмээ авъя гэж байгаа хүмүүс байна? 

-Ковид гарснаас хойш ханиад томуу гарах нь багассан. Гэсэн ч хоолой өвдөн, нус гоожиж, толгой өвдөх зовуураар шууд халдвар авчихлаа гэж дүгнэж, дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Манай эмнэлэгт шинжилгээ өгсөн хүмүүс дунд халуурч, ханиалгасан ч хэд хэдэн шинжилгээ сөрөг гарсан, энгийн ханиад хүрсэн хүмүүс ч байна. 

Ямар ч тохиолдолд дур мэдэн шууд эмчилгээ хийж болохгүй. Эм, бэлдмэл дураараа авч хэрэглэх хэрэггүй. Заавал хариугаа баттай болгож байж эмчилгээ хий. 

PCR  шинжилгээ чадахгүй бол түргэвчилсэн тестээр ч хамаагүй үзээд хариугаа баталгаажуулж байж эм бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Учир нь ковид бусад ханиадтай адилгүй. Бусад ханиад томуу бол ихэнхдээ ДНХ төрлийнх. Харин энэ бол РНХ төрлийн ханиад. Иймд өөр өөр төрлийн арга, эм бэлдмэлээр эмчилнэ.