Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, сансрын нисэгч Майдаржавын Ганзориг хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 

Архангай аймгийн Цэцэрлэг сумаас гаралтай тэрээр 1975 онд Киев хотын политехникийн сургуулийг автоматикийн инженерээр төгсөж, үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Нэгдүгээр цахилгаан станцад ажиллаж байжээ. 

Улмаар 1977 оны 03 дугаар сард сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулалтад орж,нийт 10 мянга орчим хүний материалыг судлан, олон шалгуураар шүүсний дүнд М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар сонгогдон үлдсэн байдаг.  

М.Ганзориг 1977 оноос хойшхи бүхий л амьдралаа сансартай холбож, монголын сансар судлалын түүхийг бүтээлцсэн нэгэн юм. Түүний дэвшүүлсэн сансрын зураг боловсруулан ашиглах санал, аргазүйг байгалийн нөөц, геологийн судалгаанд өргөнөөр ашиглах болсон. Ингэснээр тухайн үед манай орны эдийн засгийн суурь болж байсан хөдөө аж ахуй салбарт үр дүнгээ өгчээ. 

Тэрээр хэдий сансарт нисээгүй ч гэсэн сансрын судалгааны ажлаа үргэлжлүүлж, ЗХУ-ын Сансар судлалын хүрээлэнд докторын зэрэг хамгаалснаар Монголын анхны сансар судлалын доктор болжээ.

Эх орондоо эргэж ирээд геологи, ургамал судлал, физикийн олон залууг нэгтгэн сансраас ирсэн мэдээллийг боловсруулах лабораторыг нээж, дараагийн олон судлаач, эрдэмтдийг төрөн гарах үндсийг суулгасан билээ.


Түүний гэр бүл, төрөл төрөгсөдөд  гүн эмгэнэл илэрхийлье.