Цагтаа зүлэг ногоон дэвжээ дээр эр бяраа гайхуулж явсан Д.Долгорсүрэн зааны хөвгүүд өдгөө коронавирусын эсрэг тэмцэж байна. 

Тухайлбал Д.Сумъяабазар цар тахлын хүнд үед нийслэл хэмээх их айлыг удирдаж буй. Саяхнаас Д.Дагвадорж ЭМЯ-тай хамтран "Аса станц" нэвтрүүлгээ хийж, олон түмэнд ковидтой холбоотой олон талын мэдээллийг хүргээд амжсан. 

Харин улсын начин Д.Сэржбүдээ "Газком Холдинг" компанийг үүсгэн байгуулж, амжилттай яваа билээ. Саяхан тэрбээр Японы нэгэн компанитай хамтарч төрөх эмнэлэгүүдэд 1000 ширхэг вирус устгагч төхөөрөмж бэлэглэхээр болжээ. Энэхүү аппарат нь 2,5 сая орчим төгрөгөөр худалдаалагддаг, өрөөг ариутгаж, вирус устгах зориулалттай ажээ.  Энэ тухайгаа тэрбээр 

"Гайхалтай шийдвэрийг та бүхэндээ дуулгахад маш сайхан байна. Бид Японы SIRIUS компанитай хамтран Монголын эх хүүхэд, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 1000 ширхэгийг нэн яаралтай, үнэ төлбөргүйгээр бэлэглэхээр боллоо. Эхний ээлжинд ХӨСҮТ, Нийслэлийн төрөх эмнэлэгүүд, ЭХЭМҮТ үүдэд нэн яаралтай 1000 ширхэгийг үнэ төлбөргүйгээр бэлэглэхээр ярилцаж байна" гэлээ.