Байт харвааны олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн Францын нийслэл Парис хотноо боллоо. Тус тэмцээнд ОУХМ Б. Урантунгалаг тавдугаар байр эзэлснээр “Токио-2020” олимпод өрсөлдөх эрхтэй боллоо. 

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, удаах даваанд Швейцарын Д.Илианаг 6:0, 

1/16 шатанд Казахстаны Т.Фаридаг 6:0, 

1/8 шигшээд Узбекистаны А.Зиодахоныг 6:0-ээр буулган авсан юм. 

Хэдийгээр дунд шөвөгт Чехийн Х.Марид 4:6-гаар ялагдсан ч онооны чансаагаар тавдугаар байрт шалгарсан байна. Ингэснээр Б.Урантунгалаг хоёр дахь олимпдоо цэц сорихоор болж байна. Тэрбээр өмнө нь Лондоны олимпод өрсөлдөж, 64 тамирчнаас 18 дугаар байр эзэлж байв. Б.Урантунгалаг эрхээ авснаар Монголын баг одоогоор 42 эрхтэй болоод байна. Монголчууд өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт болж байжээ.


Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн хороо