Сайхан хувцаслахыг хүсдэггүй бүсгүй хүн үгүй. Гэхдээ эв донжийг нь олж, зохицуулж хувцаслах нь амаргүй. “Төгс галбиргүй учраас л энэ хувцас надад зохихгүй байна” гэж манайхан ярих нь буруу юм. Харин өөрийн имижээ бүрдүүлж, биеийн галбираа зөв тодорхойлж чадвал ямар ч эмэгтэй загварлаг, сайхан харагдана. Энэ талаар cтилист, имижмейкер, улс төрийн имиж судлаач, докторант Л.Цолмонгэрэл зөвлөж байна.


Имиж бол тухайн хүний бүтээж байгаа дотоод мөн чанарын гадаад илрэл юм


Хувь хүний стиль имижийг бүрдүүлэхэд нөлөөлдөг 5 хүчин зүйл

  1. Царайны дүр төрх: Жишээлбэл хүүхэд шиг царайтай хүнд ажил хэрэгч дүр төрх бүтээхийг зорилоо гэхэд хурц ширүүн, хүчирхэг талаас бус эмэгтэйлэг, зөөлөн дүр төрх давамгайлсан бизнесс энгийн хэв маягийг бүрдүүлэх нь илүү тохиромжтой юм.

  2. Биеийн галбир: Биеийн галбираа зөв тодорхойлсноор сул талаа нууж, давуу талаа тодотгох нь ямар ч хувцаслалтыг эмх, цэгцтэй харагдуулна.

  3. Зан характер: Тухайн хүний зан ааш, түүнийгээ илэрхийлэх хэлбэртэй бүрдүүлж буй стиль имиж тань нягт зохицох ёстой.
  4. Боловсрол болон одоо эрхэлж буй ажил мэргэжил, албан тушаал: Таны бүрдүүлж буй хувцаслалт таныг илэрхийлэх нэрийн хуудас юм. Хичнээн загварлаг, өвөрмөц шийдэлтэй хувцасладаг хэдий ч хаана, хэзээ, хэрхэн хувцаслахаа зөв зохистой бүрдүүлэх нь хамгийн чухал юм.
  5. Хүсэл сонирхол: Хүн бүрийн сэтгэлд мөрөөдлийн залуу, бүсгүй нь үргэлж оршин байдаг. Хөвгүүд багадаа костюм өмссөн дарга, охидууд харин мисс болно гэж ярьдагтай адил өөрийн дотооддоо төсөөлж, эрэлхийлж явдаг дүр төрхөө гадаад байдлаараа илэрхийлээрэй.

 

Имиждээ тохирсон зөв хувцаслалтыг бүрдүүлэх хэрэгтэй


Зөв хувцасладаг эсэхээ мэдэхгүй байгаа бол дараах 3 асуултанд хариулаарай.

Асуулт 1. Та тухайн жилийн загварын чиг хандлага, олны анхаарал татсан тренд хувцаслалтыг дагадаг уу?

Асуулт 2. Хувцасны зар сурталчилгаа, олны танил эрхмүүдийн хувцалслалтаас санаа авдаг уу?

Асуулт 3. Хувцас худалдаж авахдаа хэнээс зөвлөгөө авдаг вэ?

Тохирох хариулт 1. Бид хамгийн түрүүнд тухайн жилийн тренд, загварын чиг хандлагад ач холбогдол өгдөг. Гэтэл үүнээс урьтаж би яаж өөртөө тааруулж зөв хувцаслах вэ гэдэгт анхаардаггүй. Энэ нь хувцаслалтын хамгийн том алдаа.

Тохирох хариулт 2. Бусдын хувцаслалтыг өөртөө тусгахаас илүүтэй биеийн галбирын сул болон давуу тодорхойлох нь энгийн хэрнээ алтан дүрэм. Элсэн цаг галбир нь эмэгтэй хүнд тохирох хамгийн зөв хэлбэр. Гэхдээ ажил амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал, эхээс заяас өгөгдөл зэргээс шалтгаалж өөр өөр байгаа шүү дээ. Үүний тулд аль болох элсэн цаг галбиртай харагдахуйц хувцаслалтыг сонгоорой.


Тохирох хариулт 3. Хувцас худалдаж авахдаа мэргэжлийн стилистээс зөвлөгөө авч чадахгүй бол олон санааг туршиж эрэл хайгуулт хийгээрэй. 

Өөрийн стиль имижээ бүрдүүлэх нь бусдын хувцаслалтыг өөр дээрээ хүчээр наах бус өөрийн зан чанар, өгөгдөл дээрээ зөв ажиллах явдал юм. 

Мөн өөрт тохирох өнгөний сонголттоо зөв хийгээрэй. Өнгө гэдэг шашин шүтлэг, нас хүйс, боловсрол харгалзалгүйгээр хүний сэтгэл зүйд санаандгүй боловч хүчтэй сэдлийг төрүүлж байдаг. Өнгө болгон өөр өөрийн гэсэн бэлгэдэл болон сул, давуу талтай байдаг. 

Өнгөний сонголтыг хийхдээ анхаарах зүйл

Өөрийн өнгөө зөв тодорхойлох. Энэ нь бидний мэдэх арьсны гаднах өнгө бус эхээс авч төрсөн арьсны доорх өнгийг хэлнэ. Энэ тал дээр илүү ойлголттой болохын тулд бид зайлшгүй мэргэжлийн стилистээр өөрийн өнгөө тодорхойлуулах шаардлагатай болдог. 

Нэг удаа өөрийн өнгө тодорхойлуулж мэдсэнээр танд хамгийн сайхан зохицох 24 өнгөний код, таны арьсны өнгөд тохиромжтой металийн өнгө, үнэт чулууны төрөл, өнгө болон танд тохиромжтой үсний өнгийг хүртэл тодорхойлох боломжтой байдаг. Та өөрийн өнгөө мэдэж авснаар дуртай өнгөөрөө бус өөрт тохиромжтой өнгөөр хувцаслах, ингэснээр өмссөн хувцас тань таныг үргэлж гэрэлтүүлэн, гялалзуулах юм. Бидний хамгийн наад захын мэддэгээр зарим өнгийн хувцас өмсөхөөр бидэнд илүү зохидог атлаа зарим өнгийн хувцас өмсөхөөр царай дарж, ядарсан мэт харагддаг. Энэ нь өөрийн өнгөө олоогүй буруу сонголт хийснээс үүдэлтэй юм.

Л.Цолмонгэрэлийн хувь хүний хувцаслалт, имиж бүрдүүлэлтийн талаар хөтлөн явуулдаг сошиал хуудсыг энд дарж сонирхоорой.