Хэн нэгэн “би эмо байна” гэж хэлвэл сэтгэл зүйн хувьд таагүй буюу сэтгэл зүйн баланс алдагдсан гэдгийг шууд ойлгоно. Эмо нь арваад жилийн өмнө дэлгэрсэн хувцас загварын шинэ урсгалын нэр юм. Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн байдлыг илэрхийлэх болсон нь англи хэлний “emotion” (сэтгэл хөдлөл) гэсэн үгнээс гаралтай. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд “эмо” гэсэн нэршил, тайлбарласан онол байхгүй. Энгийнээр хэлбэл орчин үеийн залуус сэтгэл зүйн төлөв байдлаа илэрхийлэхдээ бий болгосон шинэ хэллэг юм. Тэгвэл эмо байдлыг сэтгэл судлаач ингэж тайлбарлалаа.

Эморохыг өөртөө зөвшөөрч болох ч дуусгах хугацаатай байх нь чухал

Монголын мэргэшсэн сэтгэл судлаачдын үндэсний төвийн сэтгэл зүйч Ж.Үйлст: 

Сэтгэл судлалын үүднээс эмо гэсэн ойлголтыг бие хүний эмгэгтэй холбон тайлбарлаж болох юм. Шизоид бие хүний эмгэг нь дараах долоон шинж тэмдгийг агуулдаг. 

1. Аливаа харилцаанаас зайлсхийх, 

2. Ганцаараа байхыг эрмэлзэх, 

3. Сэтгэл хөдлөл багасах, 

4. Бэлгийн дур сонирхол буурах, 

5. Дотны хэдхэн хүнтэйгээ л харилцахыг эрхэмлэх, 

6. Нийгмийн харилцаагаа тэлэх сонирхолгүй, 

7. Бусдын хэлсэн сэтгэгдэлд ямар нэгэн хариу үйлдэл гаргадаггүй байх.

Эдгээрийн дөрвөөс дээш шинж тэмдэг илрэх юм бол шизоид бие хүний эмгэгтэй гэж үздэг. Бас "шизоид мүүд" үе гэж байдаг. Энэ нь хүний амьдралд тохиолдож болох хар бараан үйл явдал, гунигт дурсамж зэргээс шалтгаалан хэсэг хугацаанд гуниглах, ганцаараа байх мэдрэмжүүд давамгайлах юм. Эдгээр тайлбаруудад хамааруулан ойлгож болох ч орчин үеийн залуусын эморол гэсэн ойлголт нь ямар нэгэн сэтгэл зүйн эмгэг, асуудал биш юм. 

Залуучууд сэтгэл санааны таагүй мэдрэмжээ цахим сүлжээнд илэрхийлж байгаа нь харагддаг. Эморсон буюу таагүй үедээ цахим орчинд илэрхийлэхээс илүүтэй бусадтай харилцаж, мэдрэмжээ ил гаргах хэрэгтэй.

Эмо байдал нь хүний амьдралд тохиолдож болох эерэг, сайхан харилцааны орчин дутагдсаны илрэл. Жишээлбэл өөртөө итгэл алдрах, гэр бүлийн харилцаанд асуудал, найзуудын үл ойлголцол, хайр сэтгэлийн эргэлзээтэй учрах зэрэг олон хүчин зүйлээс авах сэтгэл санааны таагүй мэдрэмж юм.

Залуучууд эдгээрээс авсан мэдрэмжээ цахим сүлжээнд илэрхийлж байгаа нь харагддаг. Эморсон үедээ цахим орчинд илэрхийлэхээс илүүтэй бусадтай харилцаж, мэдрэмжээ ил гаргах хэрэгтэй. Бас шалтгаангүй гуниглаж, эморсох нь амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж, сэтгэл зүйн эмгэгийн хүнд шинж тэмдэг рүү түлхдэг.  Өсвөр насны хүүхэдтэй аав, ээж нар “манай хүүхдэд дутагдах, гажигдах юм байхгүй ч нэг л гутарсан, гунигласан яваад байна аа” гэж ярьдаг. Тухайн хүн маань ганцаардлыг өөртөө бий болгож, үүнийгээ амьдралыг ойлгох ухааралтай андуурах нь асуудлыг бий болгож болно. Энэ нь аливаа юм хэрээс хэтэрвэл утгаа алддагтай адил. 

Хэсэгхэн хугацаанд эморохыг өөртөө зөвшөөрч болох ч дуусгах хугацаатай байгаарай. Энэ үеүдэд тогмтол дасгал хөдөлгөөн хийх, нийгмийн амьд харилцаанд орох, ойр дотныхонтойгоо уулзах зэргээр өөрийгөө идэвхжүүлэх нь чухал.

Эморохыг зуршил болгож болохгүй

Сэтгэл судлаач, философич Б.Санчир: 

Сүүлийн үед сэтгэл санааны мэдрэмтгий байдлыг "эмо" гэсэн шинэ хэллэгээр илэрхийлээд байх шиг байна. Эморох нь энгийн зүйл. Ганцаараа байхыг эрмэлзсэн болохоос биш ганцаардлыг хүсээгүй юм. Ганцаараа байх уйтгар гуниг хааяа ухаантай байхын эхлэл болдог гэдэг үг байдаг шүү дээ. Харин энэ сэтгэл санааны мэдрэмтгий байдал олон дахин давтагдаж, зуршил мэтээр хүний тархинд кодлогдоод үлдчихвэл сэтгэл зүйн асуудлыг бий болгоно. Хүн ерөөс давтамжаас давтамжийн хооронд амьдардаг. Тиймээс олон дахин давтахгүй байхын тулд өөрийн амьдралыг идэвхтэй байлгаж, эерэг кодоор тархиа цэнэглэх хэрэгтэй гэсэн үг юм.