ТЕЛЬ-АВИВ. /RIA Novosti/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москва хотноо пүрэв гарагт уулзахаар төлөвлөжээ. Энэ тухай Израилийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Хоёр орны удирдагчид даваа гарагт утсаар ярьсны дараа Израилийн Ерөнхий сайд Москвад айлчлахаар болсон тухай мэдэгджээ. Нетаньяху он гарснаас хойш хоёр дахь удаагаа Москвад айлчлах гэж буй юм. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Нетаньяху, Путин нар утсаар ярих үеэрээ Сирийн асуудлыг хэлэлцжээ.


Сири улсад явуулж буй ажиллагааных нь үеэр хоёр орны цэргүүдийн хооронд санамсаргүй мөргөлдөөнөөс болохоос зайлсхийх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг сайжруулах асуудал нь Орос-Израилийн яриа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг юм.

Нетаньяху Израилд парламентын сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө ОХУ-д айлчлах гэж байна. Тэрбээр энэ сонгуулиар Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлдэнэ хэмээн найдаж байгаа аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг