Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнөө өглөөний 10.00 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд уг вирусийн 43027 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 3998 хүн эдгэрч, 1017 хүн нас баржээ. БНХАУ-аас гадна 24 улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн, Монгол Улсад бүртгэгдээгүй байна.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Шинэ коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй энэ үед манай улсын зарим байгууллага, хувь хүмүүс бидэнд дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, өчигдөр "Их наяд плаза" компани коронавирустэй холбоотой ачаалалтай ажиллаж буй ХӨСҮТ-ийн ажилчдад урамшуулал цалин тооцож, 10 сая төгрөг хандивласан. Харин өнөөдөр "Глобал Ацетилен" ХХК 48 сая 127 мянган төгрөгийн үнэ бүхий ХӨСҮТ-ийн бүтэн жилийн хэрэгцээг хангах хүчилтөрөгчийг өгч байна. Энэ нь биеийн байдал хүндэрсэн хүмүүст маш их хэрэг болдог" хэмээлээ.