УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Тэд шинээр томилогдох албан тушаалтнуудыг нийтийн томилгооны сонсгол тавихыг шаардаж буй.

УИХ-ын гишүүн Г.Аюурсайхан: Өнгөрсөн хугацаанд дуулиан тарьсан хэргүүд илрэхгүй явж ирлээ Энэ байдал нь дээрэм тонуул үргэлжлэх шалтгаан болсон. МАНАН бүлэглэл хууль шүүхийн байгууллагад хүртэл өөрсдийн нөлөөгөө бат бэх суулгаж чадсан. Үүнээс болоод томоохон хэргүүд шийдэгддэггүй өдийг хүрсэн нь нууц биш. Улсын ерөнхий прокурыг томилчихлоо. Өнөөдөр гэхэд прокурорын орлогчийн асуудлыг ярьж байна. Энэ хүмүүс үнэхээр өөрчлөлт шинэчлэлт хийж чадах эсэх дээр олон нийтийн хараа хяналт үгүйлэгдэж байна. Тиймээс нийтийн томилгооны сонсгол хийх ёстой. Хуулиараа УИХ-ын гишүүдийн 4-ний нэгээс доошгүй хувь нь томилгооны сонсгол хийе гэвэл хүсэлтийг болгоодог. Энэ хууль хэрэгжээгүй. Тиймээс хуулийг хэрэгжүүлж АТГ, АТГ-ын дэд даргын асуудал дээр нийтийн томилгооны сонсгол хийхийг шаардаж 19 гишүүн гарын үсэг зурлаа. Энэ шаардлагаа УИХ-ын даргад албан ёсоор гардуулж өгнө. Мөн ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилогдохоор яригдаж буй 2 хүнийг ч нээлттэй хэлэлцүүлэгт оролцуулна. Тодорхой хэргүүд дээр тухайлбал, С.Зоригийн болон Эрдэнэтийн хэрэг дээр ажиллаж нөлөөлж байсан эсэхийг нарийн асуумаар байна. 

Бичлэг үзэх:

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Олигарх бүлэглэл нам харгалзахгүй эх орноо тонон дээрэмдсэн. Үүний эсрэг бид 4 сарын өмнө нэгдэж тэмцлээ эхлүүлсэн. Шударга бусыг зогсоохын тулд бид өнөөдөр ч гэсэн шинээр томилогдсон ерөнхий прокурор Б.Жаргалсайханд албан шаардлага хүргүүлэхээр болсон.

1. Стандарт банкны асуудал. Эрдэнэт үйлдвэрийн хууль бусаар барьцаанд тавьж хэсэг бүлэг этгээдүүд их хэмжээний мөнгө завшсан. Сая гэхэд 40 сая долларыг өмнөөс нь төлсөн. Энэ асуудлыг шалгах ёстой.

2. Монголбанк хэдхэн ААН-д их хэмжээний зээлийг өгсөн. Энэ хууль бус ажиллагааг шалгах ёстой

3. Хөгжлийн банкны асуудал. Тодорхой ААН-үүд эргэн төлөөгүй маш их хэмжээний зээл энд бий.

4. Төрийн банкнаас нэг өдрийн дотор 20 сая доллар ямар ч барьцаагүйгээр Хятадын компанид гаргаж өгсөн байдаг. Энэ хэргийг шалгахгүй дарж үлдсэн. Үүнийг шалгах ёстой.

5.Хан ресурсын 70 сая долларын хэргийг сөхөх ёстой. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 70 сая доллар Канад руу яаралтай шилжүүлсэн. Ер нь энэ мэтээр арбитрын шүүх дээр өрийн бизнес хийх явдал хэрээс хэтэрсэн. Төмөртэйн орд дээр ч ялгаагүй Монгол Улсаа өрөнд оруулахын тулд Хятадын талд манай Засгийн газар ажилласан хэрэг гарсан. 

6. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан хэрэг дээр ажилласан хүмүүс, албан тушаалтнуудад нэн яаралтай эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай.

7. Оффшорын асуудалтай холбоотой албан тушаалтнуудад яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.

8.Оюутолгойн гэрээ Монголын ард түмэнд ашиггүй гэрээ болсон. Энэ асуудлыг нэг тийшээ болгохыг шаардаж байна.

9. Концессийн гэрээний луйврыг шалгах. Тухайлбал Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг шалгах ёстой.

10.Төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын хэргийг яаралтай шийдэх хэрэгтэй.

11.АСЕМ-ийн зардал, хөрөнгийг зувчуулсан гэсэн аудитын дүгнэлт гарсан. Энэ хэргийг ч мөн нарийвчилж шалгах ёстой

12. Өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Уран зургийн галерей, музейгээс их хэмжээний уран зураг, бурхад, соёлын өв алдагдсан гэх мэдээлэл ирж байна. Соёлын өвийн хулгайч нарыг шалгах ёстой.

13.Улаанбаатарын газрыг эрх мэдлээ хэтрүүлж зарж завшсан асуудлыг шалгуулмаар байна.

14.Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон тусгай сангуудын асуудлыг шалгах ёстой. Нийт 28 тусгай сан байгаа.

15. Улаанбаатар хотын дарга С.Амарсайханд хаягласан асуудал байна. Сүхбаатарын талбайн урд талын хэсэг, Дүнжингарав болон Туул гол, нийслэлийн ундны ус болон ногоон байгууламжид хамаарагдах газрууд, Үндэсний соёл амралтын газартай холбоотой асуудлыг эргэн харж газрын зөвшөөрлийг нь яаралтай цуцламаар байна.