МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд Хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдлээ. Шаардлагад дараах найман асуудлыг тусгасан байна. 

 Бичлэг үзэх:

1. Хууль бус аргаар хувьчилж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмний мэдэлд авах Улсын Их Хурлын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мөн Стандарт банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх;

2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах, түүнчлэн уул уурхайн баялгийг зүй зохистой ашиглах, хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх; 

3. МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох Шүүх, Прокурор, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг яаралтай огцруулах, чөлөөлөх асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх;

4. Хөгжлийн банк болон төрийн нэрээр барьцаалж авсан их хэмжээний зээлийг эргүүлэн төлүүлэх, Монгол Улсад үр ашиггүй хийгдсэн концессийн гэрээг цуцлах, ЖДҮДС зэрэг нийт 26 санг шалгаж, шаардлагагүй, үрэлгэн сангуудыг татан буулгах, буруутай этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх; 

5. Монгол Улсын төрийн албыг худалдах, арилжаалах санаархал бүхий “60 тэрбум”-ын хэргээр Нийтийн сонсгол зохион байгуулж, холбогдох буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх;

6. Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн бүх албан тушаалтныг Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу томилгооны сонсгол зохион байгуулж байж томилдог болох; 

7. Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэн зохих хариуцлагыг тооцуулах. Мөн оффшортой холбоотой асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулж, хууль бус хөрөнгийг эх орондоо эргүүлэн авчрах; 

8. С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаар шинээр илэрсэн нөхцөл байдал, хэргийг хүний эрхийг зөрчин, хэлмэгдүүлж хууль бусаар шийдвэрлэсэн асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах, энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх; Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж дээрх асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.