Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бүх их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгт тавьсан хорио цээрийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа.

Энэ талаар Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд "Хичээл сургуулийн байдал өнөөдрийг хүртэл хэрэгжсэн дэглэмийн дагуу ирэх сарын 30-н хүртэл онлайнаар явагдаж үргэлжилнэ. Хорио тавигдсаны дараа бямба гараг бүрт хичээллэж, сургалтын хөтөлбөрөөс хоцрогдсон хичээлийг нөхнө. Мөн энэ жил 12 дугаар анги төгсөх сурагчдын хичээлийг хэрхэн зохицуулах вэ гэдэгт онцгой анхаарч, ярьж байна" хэмээлээ. 

Хорио цээрийн дэглэмийн хүрээнд олныг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалсан. Гэвч спорт заалыг хаахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурийг иргэд цахимаар илэрхийлж буй.

Энэ талаар сайд Н.Энхболдоос тодруулахал "Спортын заал болон фитнессүүдийг хаах шийдвэр гараагүй. Аливаа вирусийн үед хүний биеийн дархлаа сайн байх нь чухал. Спорт зааланд олныг хамруулсан тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон. Харин найз нөхөд, гэр бүлээрээ цуглаад дасгал сургуулилт хийх, тоглох зэргийг албан ёсоор хориглоогүй" хэмээлээ.