Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам эвслүүдэд өнөөдөр батламжийг нь гардуулж байна. Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намаас бүрдсэн "Та бидний эвсэл" батламжаа гардан авлаа.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Шударга ёсыг тогтоох, ард түмнээ ажил, орлоготой болгох, авч буй цалинг амьдралд нь хүрдэг болгох зорилгоор энэ удаагийн сонгуульд орж байна. Тэр их мөнгө нь хаана байгаа вэ гэж хүмүүс асуудаг. Хэдэн тэрбум долларын байгалийн баялаг бидэнд бий. Хамгийн наад зах нь Оюутолгойн ордод хоёр сая кг алт байна. Тэрийг Монгол Улсын иргэдэд хуваарилах юм бол нэг хүнд 650 гр алт оногдоно. Үүнээсээ авч чадахгүй, ард түмэн маань ядуу, цөөн хэдэн хүн баяжсан байгаатай эвлэрч чадахгүй. Тиймээс энэ бол бидний хувьд баячуудын эсрэг хийж буй хувьсгалт өөрчлөлт сонгууль юм. 

Баячууд хаана байна вэ гэвэл АН, МАН-д байна. АН, МАН наанаа шударга зүйл ярьж буй ч баячуудын гарт орчихсон. АН бол 100 сая төгрөгөө ил авчихлаа. МАН илүү муу санаатай учраас далдуур мөнгө авч байна. Энэ хоёр нам хоёулаа мөнгөөр сонгууль хийдэг. Энэ хоёр нам өнжиж, бусдад боломж олгох хэрэгтэй. Ард түмэн ч сонгохгүй байх нь зүйтэй" хэмээлээ.