Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдад өнөөдөр танилцуулав. Төслийг танилцуулсны дараагаар тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлэн санал авлаа. 

Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын  Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Амьдралын зүй тогтол бүрийг зохицуулагч эрх зүйн зохицуулалт гэдэг бол хамгийн нарийн байх ёстой. Тэгэхээр та бүхний өдөр тутмын, алхам тутмын үйл хэргийг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтын эцэг хууль болсон Үндсэн хуулийг өөрчлөх бол амаргүй зүйл. Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд бодлогын шинжтэй нэлээн томоохон заалтуудыг боловсруулсан. Энэ нь маш зорьмог шийдэл болсон. Нөгөө талаас төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан хэд хэдэн заалт оруулсан” гэдгийг онцлон хэллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд сургалтад хамрагдсан ажилтан албан хаагчдаас Монгол Улсын иргэний хувиар нь саналын хуудас бөглүүллээ. Тус саналын хуудсыг тусгайлан бэлтгэсэн программд нэгтгэх юм. Ийнхүү Монгол Улсын нийт иргэдээс авсан саналыг Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгах юм байна.