"Шарын гол" нүүрсний уурхайн Үйлдвэрчний хорооныхон өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны үүдэнд жагсаж, албан шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Энэ үеэр тус үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар шаардлагыг уншиж танилцуулав.

Шаардлагад "Шарын гол компанийн Үйлдвэрчний хороо нь Эрчим хүчний зохицуулах хороонд удаа дараа нүүрсний үнийг нэмэгдүүлэх хүсэлт байсан. Гэвч дорвитой арга хэмжээ авахгүй өдийг хүрлээ. Үүний үр дүнд Шарын гол компанид санхүүгийн хүнд нөхцөл үүслээ. 

Учир нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах газрын дарга А.Телехан нар нь Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40.500 төгрөгөөр тогтоож, "Эрдэнэт үйлдвэр" зэрэг төрийн өмчит компаниудад нийлүүл гэсэн тушаал гаргасан. Ингэснээр Шарын гол компани олборлосон өртгөөсөө хэт бага үнээр төрийн өмчит компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж байна.

Гэтэл өнөөдөр нэг тонн нүүрсний зах зээлийн бодит үнэ 150.00 төгрөг. Төрийн өмчит компани болох "Эрдэнэт таван толгой"-н нүүрс нэг тонн нь 73 ам.доллараар худалдаалагдаж байна. 

Ийнхүү манай уурхайн нүүрсний үнийг зах зээлийн үнээс хэт бага дүнгээр төрөөс тогтоож, төр өөрийн компанид хэрэглэж байгаа нь уурхай болон уурхайчдыг санхүүгийн хүн байдалд оруулж байна. Уурхайн ард 500 ажилтан, сумын 8400 орчим иргэний аж амьдрал өрнөж буй. Хувийн өмчит уурхайн нүүрсийг олборлосон үнээс нь хэт бага өртгөөр төрөөс хүчээр тогтоож буй шийдвэрээс болж уурхайчид бид ажил, амьдралаа алдахад хүрээд байна. 

Иймд нүүрсний үнийг хэт бага дүнгээр тогтоосон шийдвэрээ цуцлахыг Эрчм хүчний зохицуулах газрын дарга А.Телехан танаас шаардаж байна" гэжээ.

Тус шаардлагатай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос "Бид эрчим хүчний хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Тус хуулийн 9.4.11-т эрчим хүчний зориулалттай түлшний үнийг тооцох аргачлалыг батлах, түлшний үнийг хянах гэсэн заалтыг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж байна. 

Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн тэнцвэртэй байдлыг хангах үйл ажиллагаа явуулдаг. Уурхайн үнийг хянадаг. "Шарын гол" компанийн уурхайн тухайд нэг тонн нүүрснийх нь үнийг 2016 онд 6500 төгрөгөөр, 2018 онд 2000 төгрөгөөр, 2019 онд мөн 2000 төгрөгөөр тус тус нэмсэн. 

Уурхайгаас нүүрсний үнийг нэмэх шаардлага удаа дараа ирүүлж буй. Шаардлагад аргачлалын дагуу тарифын саналыг тооцоолж ирүүлсэн байх ёстой. Гэтэл ирүүлж буй шаардлагад үйл ажиллагааны бодит өртөг, зарлдлыг нотолсон, шаардлага хангасан материал алга байна. Үүнийг уурхайн удирдлагын түвшинд яриад нотолж ирүүлэхэд анхаар гэсэн хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн" хэмээн тайлбар өглөө.