Баянгол дүүргийн прокурорын газар, тус дүүрэг дэх Цагдаагийн газар хамтран “Зөрчлийн шийдвэрлэлт-2019” аяныг 2 дахь удаагаа зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд тус прокурорын газраас өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт буюу энэ сарын 20-ны шөнө Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэстэй хамтран 3 дугаар хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар, цэнгээний газруудад гэнэтийн хяналт, шалгалт хийжээ.

Нэг шөнийн 4 цагийн хугацаанд хийсэн уг шалгалтаар насанд хүрээгүй хүүхдүүдэд архи, согтууруулах ундааны зүйлийг худалдаалсан, зочид буудлуудад хууль бусаар биеэ үнэлсэн, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус техникээр замын хөдөлгөөнд оролцсон, хориотой ан тээвэрлэж явсан зэрэг 50 гаруй зөрчил илэрч, Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.



Эх сурвалж: Баянгол дүүргийн прокурорын газар