НЬЮ-ЙОРК. /TASS/. “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зах зээлд манлайлах, ашиг олохын төлөөх өрсөлдөөнд арилжааны хэрэгслийн хувиар ашигласан гэж телевизийн “NBC” суваг мягмар гарагт мэдээлжээ. Тус суваг үүнтэй холбогдох 4000 хуудас баримт бичгийг олж авсан байна.

“NBC” сувгаар мэдээлснээр, “Facebook”-ийн тэргүүн бусад компанитай харилцан ашигтай гэрээ байгуулахдаа, тус нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд нэвтрэх боломж олгох заалт оруулсан байж магадгүй байна. Компанийн гол зорилго бол “хэрэглэгчдийн хувийн амьдралын талаарх мэдээллийн аюулгүй байдлыг хангах юм” гэж Цукерберг удаа дараа мэдэгдэж байх үед иймэрхүү хэлцлүүдийг хийснийг тус суваг онцолжээ. 

“NBC” сувгийнхны олж авсан баримт бичгүүд нь 2011-2015 оны баримт бичиг аж. Тухайн үед “Facebook” компани нийгмийн сүлжээний зар сурталчилгаанд хөрөнгө оруулсных нь хариуд бизнес эрхлэгч Жефф Безост “хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломж” олгосон гэрээг “Amazon” компанитай байгуулж байжээ. Мөн тус компанийн “Fire” ухаалаг гар утсыг гаргахад хамтран ажилласан байна.

Үүний зэрэгцээгээр “Facebook” компани мэдээлэл агшин зуур солилцдог нэр нь дурдагдаагүй нэгэн үйлчилгээнд хэрэглэгчдийнхээ мэдээлэлд нэвтрэх боломжийг хаажээ. Энэ нь уг үйлчилгээг  өрсөлдөгчийн хувиар харж байсантай холбоотой аж. “Facebook”-ийн удирдлага хэрэглэгчдийнхээ мэдээлэлд нэвтрүүлснийхээ төлөө “гуравдагч компаниудаас нөхөн төлбөр шаардах хэд хэдэн арга” хэрэглэдэг гэж “NBC” сувгийнхан үзэж байна. Тухайлбал, энэ нь "бэлэн мөнгөөр шууд төлбөр хийх, зар сурталчилгаанд хөрөнгө оруулах, мэдээлэл солилцох" гэх мэт арга аж.


Дээрх нууц баримтуудыг “NBC” телевизийнхэн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумыг /(ICIJ/ үүсгэн байгуулагчдын нэг болох Их Британийн сэтгүүлч Данкан Кэмпбеллээс олж авчээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг