УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч, хойшлууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд С.Даваасүрэнг чөлөөлөх танилцуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцуулав. Тэрээр "С.Даваасүрэнгийн удирдсан Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзсэн. Иймд банк, санхүүгийн байгууллагад эрс шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүсч байна. Иймд албан тушаалаас нь чөлөөлөх саналыг гаргасан. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ч мөн гаргасан байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү" гэв.

Тус асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, С.Даваасүрэнгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь дэмжсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Саарал жагсаалтын асуудлаа хэлэлцчихээд дараа нь энэ хоёр хүнийг чөлөөлөх хэрэгтэй. Шүүхээр жишээ авахад, эхлээд яллачихаад дараа нь юунаас болж яллав гэдгээ хэлэлцэх болчихоод байна. Тиймээс чөлөөлөх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцье" гэсэн горимын санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Дараа нь УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Санхүүгийн зохицуулах хорооны дарга, болон Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай хоёр асуудлаар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн хугацаанд завсарлага авъя гэсэн горимын санал гаргаж байна" гэв. 

Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар "МАН-ын бүлгийн даргын саналын дагуу, уг асуудлыг бүлгээр хэлэлцэх боломжийг олгож байна" хэмээгээд ажлын тав хоногийн завсарлага өглөө.