УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжив. Мөн Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон асуудлыг ч хэлэлцлээ. 

Хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “2017 оны зун Шриланкагийн нийслэл Коломбод ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн хурал болсон. Тус хурлаас "Монгол Улс Хар, саарал жагсаалтад орох нөхцөл бүрджээ" гэсэн дүгнэлт гаргасан. Бид эндээс нөхцөл байдал муудсан байна гэж асар их дохио авсан.

Улмаар би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлыг танилцуулж, зөвлөмж гаргуулсан. Тус зөвлөл маш тодорхой зөвлөмж гаргасан. 

Ингээд 2017 оноос хойш бид бүгдээрээ хичээж ажилласан. Үүний ч үр дүн гарсан. 

Нэгдүгээрт, техникийн 40 үзүүлэлт гэж байдгаас 20 нь муу гэж байсан. Сая Австралид болсон хурлаас тэдгээрийг бүгдийг нь сайжирсан байна гэсэн үнэлгээ авч чадлаа.

Дараа нь наймдугаар сард Тайландад болсон хурлаас үр дүнгийн 11 үзүүлэлт бүгд муу гэж байснаас 7 үзүүлэлт сайжирсан, 4 үзүүлэлт дээр сануулга авсан. Тус хурал дээр Монголын асуудлаар гурван цаг хоорондоо маргасан. Тодруулбал, Нэг дор ийм олон буюу 7 үзүүлэлтийг сайжруулж болдог юм уу гэж маргасан. Ингээд анхааруулга авсан байсан 4 үзүүлэлтээр сая Парист болсон ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар эцэслэн дүгнэлт гаргасныг бид хүлээж авлаа.

Тус 4 асуудлаарх зөвлөмжийг дахин хэлэхэд,

Нэгдүгээрт, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн резолюци байгаа. Хойд Солонгостой тогтоосон харилцааныхаа асуудлыг 2019 оны 12 дугаар сарын 31-ны дотор цэгцэл гэсэн. Үүнийг цэгцлэх асуудлаарх хуулийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж батлуулсан байна. Талархаж байна.

Хоёрдугаарт, Монгол Улсад авлига, хээл хахууль, мөнгө угаах холбоотой олон хэрэг маш их шуугиж байгаад нээгддэг ч үр дүн алга. Гэмгүй бол гэмгүйг нь зарла, гэмтэй бол зохих шийдвэрийг нь гаргаж, тодорхой үр дүн гарга гэсэн шаардлага тавьсан.

Гуравдугаарт, ББСБ, Хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой асуудал, үүнд тавих хяналтаа сайжруул гэсэн.

Дөрөвдүгээрт, Тодорхой мэргэжлийн хүмүүс /тухайлбал, нотариатор, үл хөдлөх бизнесийн зуучлагч/-т тавих хяналтаа сайжруулж, авах ёстой татвараа ав, холбогдох хууль журмаа чангатга гэсэн 4 шаардлага тавьсан” хэмээлээ.