Н.Батзаяа гоо сайхны салбарт 10 гаруй жил ажиллаж буй. Багаасаа зурах дуртай учраас зургийн олимпиадад орж амжилт үзүүлж ирсэн тэрбээр ЕБС-иа төгсөөд ШУТИС, ХААИС-ийн зураг ландшафт ангийн хуваарь авсан аж. Гэсэн хэдий ч сонирхлоороо Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын дээд сургуульд багшилдаг эгчийгээ дагаж гоо сайхны салбарт хөл тавьжээ.Тэрбээр ДУДС-ийг уран зургийн анги, багш мэргэжлээр төгссөн аж. 

Харин өдгөө гоо сайхны шивээсчдийн дунд “Хөмсөг Заяа” хэмээн танигдаж "Joyous beauty salon"-оо байгуулан ажиллаж байна. Түүнтэй хөмсөг шивээсний урлагийн талаар ярилцлаа.

-Яагаад шивээсийн урлагийг тэр дундаа хөмсөг шивээсийг сонирхож эхэлсэн бэ? Манай уншигчдад түүхээсээ хуваалцаач?

-Анх Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын дээд сургууль багшилдаг эгчийгээ дагаж хоёр жил суралцсан. Ер нь багын л хүний нүүр зурдаг, ялангуяа эмэгтэй хүний нүд хөмсөг зурах дуртай хүүхэд байлаа. Эргээд бодохоор гоо зүйн мэдрэмж нь тавигдаж байсан юм уу даа. Ингээд хөмсөг л шивж чадмаар юм шиг санагдаад энэ салбарт орж эхэлсэн түүхтэй. Тухайн үед будаг, материал дутагдалтай, мэдээ алдуулагч хэрэглэдэггүй өвтгөөд л шивдэг байсан юм. Хоёр жил суралцаад DIVA center салонд ажиллаж эхэлсэн.

Тухайн үед ажиллангаа ДУДС-д суралцаж хүнийг анатоми талаас нь харж мэдэрч суралцсан маань миний давуу тал болсон. Салоны эзэд маань гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн учраас ажилтнуудаа чадавхжуулах тал дээр ач холбогдол өгч, анхаардаг мундаг хүмүүс. Тиймээс ч вакс, шилэн хумс, шивэлтийн чиглэлээр гадаад дотоодын мэргэжилтнүүдийг уриад хамгийн эхлээд намайг сургадаг байлаа. Тухайн хүмүүс цаг хугацаатай ирэх учраас би хамгийн хурдан сураад бусдадаа зааж сургадаг байсан юм. Тэдний дундаас ОХУ-д сурсан Солонгос хүнээс анх хөмсөг шивээсний суурь чухал мэдлэгүүдийг авсан. Шивэхэд хэрэглэдэг маш олон төрлийн багаж, зүү бий. Энэ бүхнээс өөрийнхөө даралт техникт аль нь тохирч байгааг мэдэж түүнийгээ гартаа оруулдаг. 


-Тэр дундаас сурч авсан хамгийн чухал зүйл юу байв?

-Мэргэжлийн ур чадварыг хүн ажиллаж байж олж авна. Харин үйлчилгээний чанар, үйлчилгээний соёл гэж хамгийн зүйл бий. Тухайн хүн хэчнээн сайн шивдэг, өөртөө итгэлтэй байлаа ч би өөрийнхөө ингэж л шивнэ гээд зүтгээд байж таарахгүй. Энэ талаар одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Н.Учрал тухайн үед бидэнд маш үнэ цэнтэй хичээлийг зааж байсан. Заасан олон багш нарынхаа ачаар хожим өөрийн гэсэн салоноо байгуулахдаа үйлчлүүлэгч нараар тасарч үзээгүй. Үнэнийг хэлэхэд салоноо сурталчилж байсангүй. Нэг хүнд чин сэтгэлээсээ зөвлөж, тухайн хүний царай төрхөнд нь тааруулж шивээд өгөхөд тэр хүн заавал хүн дагуулж ирдэг. Бусад гоо сайхны шивээсчдээс үйлчилгээний сэтгэл ханамжаараа ялгарна гэж ам бардам хэлнэ.


-Хөмсөг хүнийг зөв төрхтэй, хөөрхөн харагдуулахад хэр нөлөөлдөг вэ?

-Хүн болгон л гоё сайхан харагдахыг хүсдэг. Би энэ асуултын хариултыг эрж хайгаад яваа хүний нэг гэж боддог. Хөөрхөн харагдах чухал зүйлсийн нэг нь яах аргагүй хөмсөг. Хүний нүдийг будаж өөрчилж болно, хамрыг сүүдэрлэж өндөрлөж болно. Харин хөмсөг гэдэг дугуй гадаргуу дээр гарч ирэх гол хэсэг учраас ач холбогдол өгөхөөс өөр аргагүй. Хөмсөгний таарсан хэлбэр хүний дүр төрхийг нь засаж сайхан харагдуулдаг гэдгийг тэр бүр анзаардаггүй.  Их сургуульд дөрвөн жил нүүрний зөв харьцаа, анатоми талаас нь нүдүүлсэн дээ. Хүний гавлыг хийж, шавраар гадар арьсыг нь хийж үзнэ, хэчнээн зуун удаа зурж үзсэн. Зарим хүн би угаасаа хөмсөг муутай, яаж ч зураад зохидоггүй гэдэг юм.  Нүүрний төрхөнд нь тохируулаад хөмсгийг нь будаад өгөхөөр “Ингэж бас зурж болох юм байна, би ийм хөөрхөн байсан юм уу” гэдэг. Учир нь хүний зөв төрхийн харьцаа шугамны нэг заагийг хөмсөг гаргаж өгдөгт бий. Тэр харьцаа нь алдагдаад хөмсөг нь хэт доор эсвэл дээр болчихоор царай төрх өөрчлөгддөг. Жишээ нь хөмсөг хэт доошлохоор нь дух уртасч, хамар эрүү нь жижиг харагдаж төрхийн тааламжгүй харагдуулна гээд анхаарах зүйл их бий. Яг үнэндээ хүн болгонд сайхан зүйл бий. Үүнийг тодруулах жаахан арчилгаа л чухал.


-Мэргэжлээрээ ажиллахын бахархал нь юу байдаг вэ?

-“Хөмсөг шивүүлснээс хойш нүдээ яаж будсан ч гоё харагддаг болчихлоо, баярлалаа” гэж хэлэх бас дахин надад итгэж танилаа, эгч дүүгээ дагуулж ирэхэд нь маш их баярладаг. Хүнийг сайхан болгосны төлөө өөртөө авч буй сэтгэлийн таашаал л юм даа. Анзаарах нь ээ хөмсөгөө шивүүлсэн үйлчлүүлэгч нар маань гоо сайхандаа өмнөхөө ч илүү анхаарч эхэлдэг юм.


-Хөмсөгөө шивүүлсээр байгаад арьсаа гэмтээчихсэн хүмүүс байдаг. Үүнийг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн хардаг вэ?

-Хөмсгөөрөө “тоглуулчихсан” хүмүүсийг хараад санаа зовдог. Үстэй мэт, битүү ямар ч шивэлтийн техникээр шивсэн ч бай мэргэжлийн хүн зөвхөн арьсны гадаргуу дээр шивдэг юм. 

Туршлагатай хүн хэзээ ч арьсны гүн рүү шивдэггүй. Хэрвээ арьсны гадаргууг мэдрээд шивж чадвал тухайн шивээс арилаад дараагийн шивээс хийхэд бэлэн болж эхэлдэг. Мэргэжлийн бус хүмүүс арьсны гадаргууг даваад гүн рүү нь шивж байна. Энэ тохиолдолд хэчнээн лазердаад ч арилдаггүй. Олон удаа дарж лазердуулсаар байгаад арьс нь түлэгдчихдэг.

Лазер гэдэг арьсны гадаргууг л задалдаг, харин цаана орчихсон хэсгийг арилгах боломжгүй. Ерөөсөө мэргэжлийн болон мэргэжлийн бус хүний ялгаа энэ. Хэчнээн мэргэжлийн хүнээр заалгасан ч гэсэн сурангуутаа шивэлтийн техник, даралтыг тийм ч амархан эзэмшчихдэггүй. Хөмсөг шивнэ гэдэг зүгээр л арьс дээр зураад байгаа хэрэг биш. Арьсны гадаргуу руу зүү хэр гүн орж байгааг сонсож, мэдэрч шивдэг.  Арьсыг сонсож мэдэрч сурахын тулд нэлээн хэдэн жилийн хичээл зүтгэл, туршлага шаардлагатай. Үнэнийг хэлэхэд 14-хөн хоногийн сургалтад суусан хүн ерөнхий техникээ л гадарлаж сурна шүү дээ. Тийм учраас би 14 хоногийн сургалтаа явуулаад хоёр жилийн дараа мастержуулах ангид авдаг. Энэ үед гоо зүй, хүний гавлын ясны хэлбэр, арьсны хүйтэн дулаан өнгөө ялгаад сурчихдаг юм. 


-Сүүлийн үед яг ижилхэн хэлбэртэй шивээстэй хүмүүс нэлээн харагддаг болжээ. Үндсэн copy paste хувилбар гэх юм уу харагдах болжээ. Ямар техник ашиглавал бусдаас өөр боловс зохистой харагдах вэ? 

-Техникийн хувьд хөмсөг зурах хэдэн мянган зурлага бий. 6 D гэсэн ганцхан нэршил байдаггүй. Ерөнхий ялгавал 6 нэршил байдаг.  Гэхдээ тэр зургаан төрлийг л зурдаггүй. Хүн болгоны төрх, арьсны хээ, гадаргуу, үсний ургалтын ширхэг өөр төрх өөр шүү дээ.

Тийм учраас тухайн хүнд таарсан давтагдашгүй зурлага гарч ирдэг. Харин нэг л хэлбэрээр шивээд байна гэдэг “автоматчихсан” хэрэг. Тухайн нэг хөмсөгний хэлбэрийг л copy paste болгож хэвлээд сурчихсан хэрэг. Тийм л учраас хөмсөг шивдэг хүн анатомийг маш сайн ойлгох ёстой байдаг. Анатоми ойлгоогүй цагт тухайн хүн үндсэн ганц арга барилаа эвдэж чадахгүй. 

Жишээ нь хүн хөмсөг шивэхэд нүдтэй уялдуулж шивдэг гэж ойлгодог. Гэтэл гавлын яс, хөмсөгний үсний ургалт хаана байгаагаас хамаарна.  Хөмсөгний хол ойроос хамаараад хүний хамар өндөр эсвэл нам харагддаг талтай. Зурж үзээд харц ширүүн болгож байгаа эсэхийг харна гээд анхаарч үзэх олон зүйл бий. Зарим нь европ хүний зураг үзүүлээд яг л ийм хөмсөгтэй болмоор байна гэдэг. Гэтэл тухайн хүнийхээс шал өөр ястай учраас зохимжгүй. Энэ тохиолдолд учирлаад л ойлгуулдаг.  


-Хөмсөг шивүүлэхээр ирэх гэж байгаа хүмүүст юу зөвлөх вэ?

-Хөмсөг шивнэ гэдэг мэдрэмж шаарддаг ажил, анхаарлаа зуун хувь төвлөрүүлэх ёстой байдаг. Тийм учраас яг одоо шивүүлмээр байна, яараад байна гэж хэлсэн хүний хөмсөг шивж чаддаггүй. Үүнийгээ ч хэлээд дараа тухтай хүрээд ирээрэй гээд явуулдаг юм. Яагад гэвэл энэ бол хүний арьс дээрх уран бүтээл учраас цагт баригдах ёсгүй. Би өөрөө ч гэсэн үүнийг тооцоолоод өдөрт тоотой хэдэн үйлчлүүлэгч нартаа сэтгэл хангалуун үйлчлэхийг хичээдэг. 

Хэрэв байнга хямдрал зарлаад хэдэн хүн ч ирсэн аваад, хэт мөнгөний араас улайраад байвал надаас тэр нарийн мэдрэмж гарахгүй шүү дээ. Тэр хандлагаас соpy past хийсэн юм шиг нэгэн хэвийн шивэлтүүд ихэсдэг. Бас ажлаасаа авдаг кайфыг мэдэрч чадахгүй учраас энэ тал дээр зарчимч ханддаг.


-Бусад гоо сайхны шивээсчдээс таны шивэлт юугаараа ялгарах вэ?

-Манайх салон дижитал багажны шивээс хийдгээрээ онцлог. Энэ технологийг анх оруулж ирснээс хойш дагнан ажиллаж байна. Дижитал технологи арьсыг гэмтээхгүй, хэдэн ч удаа шивсэн ч соривжуулахгүй, арьсанд үхжүүлэхгүй. Харин ч эсрэгээрээ арьсыг сэргээн, нөхөн төлжүүлэлтийг дэмжиж өгдөг. 


-Ер нь ямар төрлийн арьс дээр хөмсөгний шивээс удаан тогтдог вэ?

-Хүмүүс утасдаад хэдэн жил тогтох вэ гэдэг. Үүнийг утасны цаанаас хэлэх боломжгүй, учир арьсны даах чанараас шивэлт ямар болох, хэр удаан тогтох нь шалтгаалдаг. Тэгэхээр арьсыг тань харж байж л хэлнэ. Арьс нь нягтаршил сайтай, нүхжиж батга гараагүй, чийгийн баланс сайтай арьсанд хийсэн хөмсөгний шивээс маш сайн ордог. Хэрвээ хэт тослог арьстай бол будагны өнгийг хувиргачихдаг, арьс сийрэг байх тусмаа өнгө болон хэлбэр нь их өөрчлөгддөг.  Хэрвээ арьс нь гэмтэж баланс нь алдагдсан, олон удаа мэргэжлийн бус хүнээр шивүүлчихсэн тохиолдолд шууд зуун хувь гоё болгоход амаргүй. Үүнийгээ ч би шууд хэлж ойлгуулдаг. Харин эрүүл арьстай хүмүүст гоё хийж чадна гэж ам бардам хэлдэг. 

Бас байгалийн гаралтай будаг тодорхой хугацааны дараа арилдаг. Яагаад арилах ёстой вэ гурван жилийн дотор хүний арьс хөгширнө. Ялангуяа хөмсөгний духны хэсэг хамгийн түрүүнд өөрчлөгддөг учраас тухайн үеийнхээ төрхөнд тааруулж хөмсөг шивүүлэх нь зохимжтой. Химийн болон төмрийн гаралтай будаг арилдаггүй учраас хөмсөг нь зохимжгүй харагдаж лазердахаас аргагүй болдог.


-Ингэхэд эрэгтэй хүн хөмсөг шивүүлдэг үү?

-Шивүүлэлгүй яахав. Тухайлбал 60-аас дээш насны хүмүүсийн хөмсөг үс шингэрчихдэг.  Эсвэл химийн эмчилгээ хийлгэснээс болоод хөмсөггүй болчихдог юм билээ. Ийм шалтгаанаар хандаж хөмсөг шивүүлж байсан. Гэхдээ эмэгтэй хүнийх шиг жимбэгэр биш замбараагүй, натурал харагдах шивэлт хийдэг. Нэг үйлчлүүлэгч өвөө “Ямар сонин юм бэ, хөмсөг ийм залуухан харагдуулдаг юм уу, арилгачихсан сонгино шиг л яваад байж” гэж баярлан хэлж билээ. Дараа ирэхдээ нэг найз өвгөнөө дагуулаад аваад ирсэн шүү./инээв/ Эрэгтэй хүн байж хөмсөг шивүүллээ, маяглалаа гэж буруутгах ёсгүй. Хүн бүхэн л өөртөө таалагдахыг хүснэ шүү дээ.


-Сүүлийн үед нүүрний том хэмжээтэй төрөлхийн улаан, бор мэнгийг шивэх аргаар арилгадаг болсон гэж дуулсан, хэр үр дүнтэй вэ?

-Шивээсийг ганц хөмсөг гэлтгүй маш олон зүйлд ашигладаг.  Нүүрний өө сэвийг дарах энэхүү арга Солонгост тренд болж байна. Олон удаа лазер хийлгэснээс болж хөхөрсөн хэсэг, төрөлхийн улаан мэнгэ, хэт том талбайтай сэвхийг дарах амаргүй. Энэ асуудлын шийдэл гэж ойлгож болно. Ингэхдээ тэрхүү хэсгийг уусгаж төрөлх арьсных нь өнгөтэй тохируулж дарж шивдэг. Нүүрний тал хэсэг нь улаан эгч мэнгээ арилгуулчихаад итгэж чадахгүй, ингээд арилгуулчихгүй, ийм олон жил сэтгэлийн шаналгаатай явав аа гэж байсан. Зарим хүмүүс ийм арга байдаг гэдгийг мэдэхгүй дотроо шаналаад явдаг юм билээ.

Түүгээр ч зогсохгүй үс нь духаараа халцарч хэт том духтай харагдаж байгаа тухайн хэсэгт нь үстэй юм шиг шивж байна. Ингэснээр духны хэлбэр засагдаж хүний төрх зөв сайхан харагддаг. Шивээс нарийн урлаг болж хөгжиж байна. Серумтэй хольж залуужуулах, арьсны өнгийг ч сэргээх болсон. Ингэснээр жижиг үрчлээ арилгадаг техник гарчихлаа. Монголд одоогоор хараахан орж ирээгүй байна.

-Хөмсөг шивээсээс болж В С вирус авах вий гэсэн айдас байдаг. Үүн дэр танайх хэр анхаардаг вэ?

-Мэдээж юун түрүүнд бүх хэрэглэгдэхүүнээ нэг удаагийнхийг л хэрэглэх ёстой. Нэг удаагийн бээлий, амны хаалтыг ашиглана, орчныхоо агааржуулалтыг ариутгадаг.

Зарим нь будгаас вирус халдаж байна гэдэг. Гар багажаар шивдэг хүмүүс хатуу төлөвтэй будаг ашигладаг учраас  түүнийгээ хувааж ашиглах үед эрсдэл бий болдог. Харин манай салонд ашиглаж байгаа будаг шингэн буюу дусдаг төлөвтэй. Энэ нь тусгайлсан саваас нэг удаагийн сав руу маш багаар дусах учраас багаж руу орж вирусийн халдвар авах эрсдэл байхгүй. Мөн цахилгаан багажиндаа нэг удаагийн зүү, хошуу ашигладаг, түүнийгээ ч шивэлт хийхийн өмнө хүмүүст харуулдаг.  Бүх зүйл элбэг болчихоод байхад ганцхан удаагийн материалыг харамлах ёс зүйтэй хүн байхгүй. Манай Монголын гоо сайханчид эмнэлэгээс дутуугүй орчинд, мэргэжлийн өндөр ур чадвартай үйлчилж байна шүү дээ. Төрөлхийн сайхан хоолойтой, гарын уртай хүн байдаг шиг гоо зүйн мэдрэмж хөгжсөн хүмүүс гэж бас тусдаа бий.


-Гадаадаас өөрийг чинь зорьж ирэн хөмсөг шивүүлдэг гэж дуулсан. Ер нь монголын хөмсөг шивэлт хэр дээгүүр үнэлэгддэг вэ?

-Манай монголчууд өөрсдөө загварлаг хүмүүс. Түүнийгээ дагаад хүмүүсийнх нь ч гоо сайханчдынх нь ур чадвар, гоо зүй нь өндөр хөгжсөн. Филиппин, Япон, Сингапураас ирж хөмсөг шивүүлж байсан гадныхан цөөнгүй. Эрээн, Хөххотоос ч ирж гоо сайхны шивээс хийлгэх нь эрс нэмэгдсэн. Гадны орнуудаас урилга зөндөө ирдэг. Заримдаа захиалгынх нь дагуу аялангаа очиж хөмсөг шивж байна. Сүүлд Япон улсад урилгаар очиж хөмсөг шивээс хийгээд ирсэн. Дахиад явах гэрээтэй байсан ч энэ вирусээс шалтгаалж хойшлуулчихлаа.

Ер нь Азид монголчууд маань гоо сайхны шивээсний чиглэлдээ толгой цохих ур чадвартай. Бүр дээгүүр орно гэдгийг ам бардам хэлнэ. Эхнээсээ ч гадаад руу сайн шивээсчид маань яваад эхэлчихсэн. Монголд бидний шивж буй үнэ ханшийг, ур чадвартай нь харьцуулаад гадныхан гайхдаг юм билээ. Сүүлийн үед манайд үйлчилгээний чанар ч сайжирсан. Яваандаа Монголын сайн шивээсчид гадагшаа яваад эхлэнэ гэдэгт итгэдэг. Эхнээсээ ч гадны орнуудад амжилттай ажиллаж байна. 

Гэтэл манайхан гаднаас ирсэн хүмүүсийг л шилдэг сайн нь гэж эндүүрдэг. Үнэндээ Монголд дадлага хийх гэж л ирж байгаа шүү дээ. Саяхан Канадаас ирсэн явуулын шивээсчин бараг бүх аймаг, сумдаар явж дадлага хийнгээ манай орноор тойрон аялаад явсныг мэдлээ. Тэр хүний хийсэн хөмсөгний шивээс лав хэзээ арилахгүй юм билээ. Хараад маш их гайхсан шүү, арьсыг нь нүхлээд харлуулж шивээд үндсэндээ насаар нь арилахгүйгээр тамгалаад хаячихсан байна лээ. Хохирогч болсон хүмүүс нь лазердуулах гэсэн ч өнөөх нь арилахгүй хэцүүдэж байна. Эрэгтэй хүн дээр хүртэл хөмсөгний шивээс хийгээд явжээ, монголчууд дээр туршилт хийгээд явсан хэрэг. Эргээд тэр хүнтэй холбогдох гэхээр нутаг буцчихсан, ёстой буух эзэнгүй, буцах хаяггүй болж хоцорч байгаа юм. Тэр Канад хүний ашигласан зүсэж шивэх техник нь арьсыг соривжуулдаг, маш олон харааны хялгасан судсыг тасалж, будаг нэвчүүлж будаг тогтоож байгаа юм. Үүнээс болж хараагаа ч алдах аюултай. Буруу техникээр хийвэл шивээс ийм хор уршигтай.


-Гоо сайханд орно гэдэг эмэгтэйчүүдэд зөвхөн гоо сайхан болоод гарах биш сэтгэл санаагаа засах арга юм шиг санагддаг. Та санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав. Нөгөө талаасаа сэтгэл зүйн засал гэж үздэг юм билээ. Та үснийхээ өнгөө өөрчилвөл зохих нь, нүүрний ийм рефлексээ өөрчилвөл үрчлээ бага сууна, давхраагаа хоёроос олон удаа оёулж болохгүй гээд ярилцаж зөвлөх нь үйлчилгээний соёл, миний ажил юм. Тиймээс салонд үйлчлүүлж өөртөө анхаарал хандуулж байгаа бүсгүйчүүд маань машиндаа хэн нэгнийг хүлээлгэлгүйгээр эсвэл аль нэгэн ажилд яарч сандралгүйгээр тухайн цаг мөчийг өөрөө өөртөө 100 хувь зориулаасай гэж хүсдэг. Манай “Joyous”салонд маань үйл ажиллагаагаа өргөжүүлж мэргэжлийн гоо сайхны баг ажиллаж байна.  Үсчин, сормуус суулгах үйлчилгээ, тураах үйл зэрэг үйлчилгээ үзүүлдэг.


-Хэтийн зорилгоосоо манай уншигчдад хуваалцаач?

-Маш олон зүйлийг хүсэж мөрөөдөж төлөвлөж явна. Өмнө дурдсанчлан Монголын гоо сайхан Азидаа дээгүүрт орж байгаа учраас аялалтай хамт зохион байгуулахыг хүсэж байна. Ингэснээр гадаадаас Монголыг зорин ирж гоо сайхны аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. 

Өмнөд Солонгост зөвхөн гоо сайхны мэс засал хийлгэх гэж очдог хүмүүсийн тоо жилээс жилд өсөж байна. ДНБ-ийнх нь багагүй хувийг бүрдүүлдэг гэж сонссон. Монголын гоо сайханчид мэсээр биш юмаа гэхэд гоо сайхны гэдэг төрөл зүйлийг хөгжүүлж гадны орныхонд танигдах бүхэн боломж байгаа. Үүнийг зорилго болгож явна. Яагаад монголчууд бид гадаадад ажиллахаар л явах ёстой гэж, гар сэтгэл нийлсэн залуустайгаа нийлээд Монгол Улсдаа хөрөнгө оруулж, гоо сайхны аялал жуулчлалыг хөгжүүлж чадна гэдэгт итгэдэг.