Н.Батсуурь аварга мэдэгдэл хийлээ. 

-Өнөөдөр миний энд ирсэн шалтгаан допингийн хариу ирсэнтэй холбогдуулж, хариуг нь өөрийн биеэр зарлая гэсэн юм. Долдугаар сарын 12-нд миний бие үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, тод сайхан гэдэг чимэг авсан. Түүнээс хойш хоёр сарын дараа допингийн хариу ирсэн байна. Уг хариунд таны биеэс предизин гэх эмийн бодис илэрсэн байна гэсэн. Энэ хариуг би хүлээн зөвшөөрч байна. Шинжилгээний хариуг үнэн зөв гэж хэлж байна. 

Эхлээд эмнийхээ талаар тодорхой ойлголт өгье гэж бодсон юм. 2020 оны есдүгээр сарын 10-нд энэ хариуг аваад, гурав хоногийн хугацаанд эмээ чадах ядахаараа судаллаа л даа.   

Предизин гэх энэ эм зүрхний эм юм байна. Монголд аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг, эмийн жоргүй олгогддог эм байгаа юм. Энэ эм миний биед гаднаас орж ирж байж, миний биеэс илэрсэн байж таарч байгаа юм. 

Миний бие төрийнхөө баяр наадамд долоон удаа шөвгөрлөө. Бас бус тэмцээнүүдэд допингийн хяналтын шинжилгээ өглөө. 

Нийтдээ 10 удаа энэ шинжилгээг өгсөн юм байна. Энэ удаа ийм бодис илэрлээ гэхээр нь их гайхсан.

Яагаад би ийм юм хэрэглэчихэв гээд бодсон. Шинжилгээ өгөхдөө тухайн өдөр хэрэглэсэн эмийн бодис, бэлдмэлээ бичиж өгдөг. Энэ надад үлдсэн нэг хувь нь байна. Допингийн хариугаа бичгээр авъя гээд бөхийн салбар хорооноос авсан. Энд энэ эм надаас маш бага хэмжээгээр илэрсэн гэсэн байгаа. Энэ гэхдээ допингийн төрөлд багтдаг эм юм байна. 

Лабораторийн шинжилгээтэй маргах зүйл байхгүй. Үүнийг үнэн бодит зүйл гэж бодож байгаа. Одоо бол миний хувьд хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. 

Гэхдээ их харамсч байна л даа. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл олон наадмуудад барилдахдаа үнэн шударгаар өдий зэрэгт хүрсэн. Тэгэхэд аптект 400 төгрөгөөр зарагддаг энэ эмийг хэрэглэх шалтгаан надад байгаагүй. Би өөрийгөө энийг уугаагүй гэж бодож байгаа. Гэхдээ би хариуцлагаа хүлээж, та бүхний өмнө, Монголын ард түмэн болон нийт бөх сонирхогчдоосоо албан ёсоор уучлал гуйж байна.

Энэ бодис гаднаас миний биед орж ирсэн болохоор хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ та бүхэнд хэлээд, баяр наадмын нийт үзэгчдээсээ чин сэтгэлээ уучлалт гуйж байна. (бөхийв)

 

Миний хувьд хариуцлага хүлээе гэж бодож байгаа. Тэрийг би өөрөө шийдэхгүй. Бөхийн салбар хороо, баяр наадмын комисс, Шадар сайд, зохих хүмүүс нь мэдэх байх аа. 

Миний хувьд залуустаа, бөхчүүддээ хандаж хэлэхэд допингийн хяналт өгөхдөө та бүхэн маань ууж идэх, хоол хүнсэндээ  маш анхааралтай байхгүй бол  маш цөвүүн цаг ирсэн байна.

Энийг бол нэг ширхэгийг надад хольж өгсөн байх гэж хар төрж байгаа. Энэ эмийг уух ямар ч шаардлага надад байхгүй. Яах аргагүй энэ эм гаднаас л орж ирсэн. Түүнээс биш миний биеэс үүссэн бодис биш байгаа юм. 

Яагаад гэвэл би өнөөдөр Монгол Улсын аварга цолтой бөх. 70 жилийн манай гэр бүл үндэсний бөх барилдлаа. Гурван үеийн удамт бөх. Надад хийсэн бэлтгэл, туршлага, ген байна.

Би энэ асуудлыг өөрөө эцэслээд, барилдах эрхээ хасуулаад, хариуцлагаа хүлээхэд бэлэн байна гэдгээ та бүхэнд албан ёсоор хэлж байгаа юм гэлээ.