Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу иргэд хэрэглээний зээлийнхээ гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах боломжтой болсон. Хэрэглээний зээл гэж юу болох мөн уг зээлд кредит карт буюу банкнаас олгосон лимиттэй карт хамаарах эсэх дээр иргэд тодорхойгүй мэдээлэлтэй байна.

Энэ талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.

- Хэрэглээний зээлд ямар төрлийн зээл хамаарагдах вэ?

-Хэрэглээний зээл гэдэг өөрийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, ирээдүйн орлого, хадгаламж зэргийг барьцаалан авч байгаа зээлийг хэлдэг.

Хэрэглээний зээлийг зориулалт болон эргэн төлөгдөх эх үүсвэрийн хэлбэрээс нь хамааруулан олон төрлөөр ангилна. Тухайлбал, цалин, тэтгэвэр, лизинг, орон сууцны зээл нь бүгд хэрэглээний зээл гэсэн ангилалд багтана. 

Ер нь зээлдэгч нь зээл авах тухай бодохоосоо өмнө зээлийг хэрхэн, юунд зарцуулахаа тодорхойлсон байхаас гадна зээл төлөлтийн график, зээлийн хүү үндсэн төлөлтийн ялгаа, давтамж, буцаан төлөх ирээдүйн орлогоо тооцоолж, ойлгосон байх ёстой. 

Иргэдийн дунд анзаарагддаг нэг түгээмэл алдаа бол өнөөдрийн богино хугацааны хүсэлдээ хөтлөгдөн ирээдүйн орлогоо барьцаалдаг. Зээлээ төлж чадахгүй болсноос үүдэх эрсдэл их. Ирээдүйд юу ч болж болох ба бодит хэрэгцээндээ, төлж чадах хэмжээндээ тааруулж зээл авч байвал тэр хүний ирээдүй илүү баталгаатай байна.


- Тэгвэл хэрэглээний зээлд зээлийн карт багтах уу?

-Хэрэглээний зээлд багтах нэг чухал зээлийн бүтээгдэхүүн бол зээлийн карт юм. Зээлийн буюу кредит карт нь зээлдэгчийн яаралтай хэрэгцээг хангах зориулалттай. Тиймээс эргэн төлөх хугацаа болон зээлийн хэмжээ нь харьцангуй бага байдаг. 

Энэ нь банкнаас батлагдсан зээлийн эрхийн хэмжээнд төлбөр тооцоогоо гүйцэтгэж, зарцуулалтаа тодорхой заасан хугацаанд эргэн төлөх хэлбэр бүхий карт юм. Зээлийн карт нь хувь хүн болон байгууллагын гэсэн төрөлтэй байдаг ба хэрэглээний зээлд зөвхөн хувь хүний кредит карт багтана.


- Хэрэглээний зээлийн хугацааг сунгахаар болсон шийдвэрт зээлийн карт багтах уу?

-Хэрэглээний зээл гэдэг ангилалд зээлийн карт багтдаг учраас энэхүү хөнгөлөлтөд иргэд багтах боломжтой. 

Мэдээж хөнгөлөлтөд хамрагдахын тулд банкиндаа хандана. Гэхдээ зээлийн картын мөн чанар нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээг хангах зориулалттай учраас 12 сар хүртэл хугацаагаар сунгах нь төдийлөн үр дүнтэй биш. Учир нь зээлийн картын зээлжих эрх нь эргэн төлөлт хийсэн дүнгээр эргэж үүсч байдаг. Тэгэхээр иргэд урт хугацаанд зээлийн картын төлөлтөө хийхгүй хүлээсний оронд богино хугацаанд эргэн төлөлтөө хийж, эргүүлээд нөхөгдсөн зээлжих эрхээрээ худалдан авалт хийж эргэлтэд оруулж байх нь зөв.


- Хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

-Хэрэглээний зээлийн хугацааг сунгах боломжийг орлого нь тасалдсан иргэдэд олгож байгаа. Тиймээс төрийн албан хаагчид, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа аж ахуй нэгжийн ажилтнууд хараахан хамрагдах боломжгүй. Хэрэв цалин нь буурч, орлого нь тасарсан бол хуулга болон бусад санхүүгийн баримт дээр үндэслэж хүсэлтээ гаргаж харилцдаг банкиндаа гаргаж болно. Банк зээлийн үнэлгээ, тооцооллыг харгалзан үзэж шийдвэрээ гаргах болно.

Зээлийн картад хэрэглээний зээлийн хугацааг сунгахаас илүү ач холбогдолтой өөр нэг шийдвэр гарсныг мөн тайлбарлах нь зүйтэй болов уу.

Тэр нь 3 дугаар сарын 17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлийн хувьд хуваарийн дагуу эргэн төлөлт хийлгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд зээлийн чанарыг бууруулдаг байсныг 90 хоног хүртэл сунгах шийдвэрлэсэн явдал юм. Урьд нь зээлийн картын төлөлт хийх хугацаанаас хойш 15 хоног хоцроход хугацаа хэтрэлттэй болж, зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг байсан бол энэ нь 90 хоног болж уртассан.