Компьютерийн цаана яаж ч авирласан яахав гэдэг ч үнэндээ тэд баасан дээрээ хальтрах гэж байгаагаа ч гадарлахгүй. 

Ухаалаг гар утас хэрэглэх чадвартай бүх насны хүмүүс сонирхлоороо нэгддэг газар бол фэйсбүүкийн групп. Машин сонирхогч, хоол, хаягдалгүй амьдрал, кино, анимэ гээд хүний сонирхож болох бүх л сэдвээр тэд хөгшин, залуу харгалзахгүй цугладаг. Тодруулбал, ах захгүй шахам харилцаатай байдаг гэсэн үг. 

Энэ харилцаанд шулуухан хэлэхэд хэрүүл л зонхилно. Тийм болохоор хүмүүс пост оруулахдаа “Сонирхолгүй бол алгасаарай”, “Битгий шүүмжлээрэй”, “Эерэгээр хүлээж аваарай” гэгчлэн гуйж гувшахаас өөр аргагүйд хүрсэн. Хүн бүр л тэнэгийн газар цэцэн нь байх гэж сошиал ертөнцийн газар сайгүй хэл амаа билүүдэж явдаг юм чинь аргагүй биз. Гэтэл хэрүүл маргааныг хүлээж аваад, хэлэлцүүлэг болгох чадвартай нь цөөн. 

Тэр дундаа хүүхэд өөр рүү нь ирэх хараал цүхлийг хараад өнгөрнө гэж хаана ч байхгүй. “Тэнэг п****”, “Мал, дагз, эргүү” тэргүүтэй мунхгаа гайхуулсан үгээрээ хэнийг ч хамаагүй далайлгана гэж тэд боддог. Олон нийтийн сүлжээгээр “хүмүүжүүлж” буй энэ хүүхдүүд нь ирээдүйд өөрсдийнх нь хүүхдийг “хүмүүжүүлэх”-ийг тэд мэддэггүй. Өнөөдөр бид сошиал ертөнцөд бусад бүх хүүхдийн адилаар сониучирхаж яваад “сэхэл авахгүй” болтолоо доромжлуулсан хүүхдүүдийн талаар ярилцана. 


Насанд хүрэгсэд хүүхдүүдийг зааж чиглүүлэхийн оронд дайрч давшилдаг

Тэнэг хүмүүс олон, бүгдээс нь зай барих боломжгүй. Тийм ч учраас эцэг, эхчүүд хүүхдүүдээ сошиал медиа орчинд хүмүүсийн тэнэглэлийг эерэгээр шийдэхэд бэлтгэх хэрэгтэй. Хэрүүлийг хэрхэн даах, өөрт ирсэн дарамт, гүтгэлэг, доромжлолыг хэрхэн хүлээж  авах, хувийн хуудастаа нийтлэхэд тохиромжтой болон тохиромжгүй зүйлс, биеэ авч явахаас эхлээд бүгдэд “хөтлөөд алхах” ёстой юм. Ингэж чадаагүй бол та хүүхдээ гудамжинд гаргаад “Өөрөө учраа ол” гэснээс ялгаагүй. 

Олон нийтийн газар биеэ зөв авч явах, ах хүнийг хүндэлж, дүү нэгнээ хамгаалах талаар эцэг, эх л сургадаггүй гэж үү. Одоо тэгвэл олон нийтийн сүлжээнд биеэ авч явахыг ч ухаан орохоос нь эхлээд заах цаг иржээ. 

Олон нийтийн сүлжээнд элдвээр зүхүүлсэн хүүхэд хамгийн түрүүнд өөртөө итгэх итгэлээ алддаг. Тодорхой хэмжээгээр. Сэтгэл гутралд орох энүүхэнд учир цаана нь сэтгэцийн эмгэгтэй болох хүртэл эрсдэл бий гэсэн үг. 


Амьд бус харилцаа хүмүүсийг дор хаяж нэг дахин бүдүүлэг болгодог. 

Сошиал медиагийн хамгийн тал бол хувь хүн рүү хамгийн муухайгаар дайрч давшлах боломж олгодогт оршино. Ерөнхийдөө иймэрхүү дайралт хүн бүрт хүндээр тусдаг. Энэ мэт олон нийтийн сүлжээ дэх хувийн халдлагад хариу өгөх аргуудаас зөвлөе. Ялангуяа та өөрийгөө хамгаалах чадваргүй, насанд хүрээгүй бол дараах аргуудыг хэрэгжүүлж байдлыг эерэг үр дүн рүү чиглүүлээрэй. 


#1. Сандарч болохгүй

Таны онлайн ертөнцөд аянга нэргэх мэт болсон ч та шударга бустай нүүр тулсан анхны хохирогч биш гэдгийг санаарай. Юмны туханд хүрэлгүй хэрүүл хийвэл та тэр хүмүүсээс дутахааргүй муухай харагдана. Тиймээс гүнзгий амьсгаа аваад тайвширч, хэлсэн үгийг нь өөртөө шууд тусгалгүй юу хийх ёстойгоо бод. Хүнтэй маргалдчихаад шөнө унтахаасаа өмнө “Тэгэж биш, ингэж л хэлдэг байж” гэж бодож байсан уу? Түүнтэй л адил. Та тайвшрах тусмаа зөв арга замыг олох болно. 


#2. Цагаа гарздах хэрэг мөн, эсэхийг цэгнэ

Эд эсээ мөхөөх хэрэгтэй асуудал мөн үү? Тань руу дайрсан хүний зорилго юу вэ? Анхаарал татах гэв үү, буруугаар ойлгосон уу гэх мэт асуудалд тулгуурлаж хариу үйлдлээ сонгох хэрэгтэй. Хариу өгсөнөөр ахиад гарз хохирол гарах уу, үр дүнтэй юу зэрэг асуултад эхлээд хариулаарай.


#3. Баримтжуул 

Өөрийгөө хамгаалах чадваргүй буюу насанд хүрээгүй хүүхдийг гүтгэх, доромжилно гэдэг ёс суртахуунгүй хэрэг. Мөн цахим орчинд ийм явдал гаргах нь гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс өөрийн буруугүй үйлдлээс болж дайралтат өртсөн бол баримтжуулах хэрэгтэй. Цаашлаад заналхийлэх, гутаах, цуу тараах гэх мэт үйлдэл гарвал мэргэжлийн байгууллагад хандах нь зүй.