ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэ сард болсон Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд Нарендра Модигийн “Бхаратия Жаната” нам илт давуу ялалт байгуулсантай холбоотойгоор тэрбээр пүрэв гарагт Ерөнхий сайдын тангарагийг хоёр дахь удаагаа өргөжээ.

Шинэ Дели хотын төвд байрладаг ерөнхийлөгчийн ордонд болсон тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд 8000 орчим хүн оролцсоны дунд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, бүс нутгийн удирдлагууд, Болливудын алдартнууд байжээ. 

Өдгөө 68 настай Н.Моди тангарагаа өргөхийн өмнө Махатма Ганди, Атал Бихари Важпаи нарын бунханд очиж, өмнөх удирдагчдадаа хүндэтгэл үзүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулсан сонгуулийн дүнгээр “Бхаратия Жаната” тэргүүтэй эвсэл “Лок Сабха” доод танхимын 545 суудлын 354-ийг авсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг