Дуучин, жүжигчин, активист, бизнес эрхлэгч, улс төр сонирхогч Мөнхтөрийн Нарантуяаг “PEAK TODAY” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр бие даасан цомог гаргаж, уран сайхны болон олон ангит кино, театрын жүжигт дүрээ мөнхөлсөн нэгэн. Түүгээр ч зогсохгүй 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн бүсгүй.


-Таны фэйсбүүк 200 мянга гаруй дагагчтай. Дажгүй хандалттай телевизийг ч ийм олон хүн үзэхгүй дээ бараг. Та фэйсбүүкийг ажил болгож хардаг уу. Пост бичих хэрэгтэй, зураг оруулах цаг боллоо гэдэг ч юм уу?

-Үгүй ээ, ажил алба гэж харсан удаагүй. Мэдрэмжээрээ л хөтөлдөг. Хуваалцахыг хүссэн мэдрэмж, дурсамж, үзэл бодлоо нээлттэй хэлдэг. Ямар нэг дүрэм журам, цензурт баригдахыг хүсдэггүй.

-Өрх толгойлсон ээж, дайчин зоригтой, энгийн гэдэг үүднээс таниас зөвлөгөө авдаг хүн олон уу?

-Өө тэгэлгүй яах вэ. Фэйсбүүкийн мэссеж 10 мянга хол гарчихаад байна. Хүн бүрт тусгайлан хариулах зав байхгүй ч уншиж байгаад туршлагатай, гайгүй зөвлөчихнө гэж бодсон асуудлаар туслахыг хичээдэг. Гэхдээ би шулуухан зантай, болохгүй байгаа юмыг шууд хэлчихдэг гэр бүлийн хүмүүжлээр өссөн болохоор зөвлөгөө өгөхдөө ч гэсэн дүр эсгээд, сайн хүн царайлаад байдаггүй. “Яаж турах вэ”, “Би жирэмсэн, нөхрөөсөө салвал яах вэ” гэх мэт асуулт ирнэ шүү дээ. Турах тал дээр би турчихаад жингээ бариад байгаа хүн биш. Байнгын хэлбэлзэлтэй болохоор зөвлөгөө хэлж чаддаггүй.  

-Хүүхдээ их энгийн хүмүүжүүлж байгаа санагддаг. Олон ээж ч ам сайтай байдаг. Баримталдаг зарчим бий юу?

-Би хүүдээ эгч, дүү нараас ирсэн ягаан магаан, хуучин хувцас хамаагүй өмсгөдөг. Яахав дээ хүний үздэгийг л үзэг. Бусдад буруугаа тохдог болгочихгүйн тулд ширээ мөргөөд унасан ч “Болгоомжтой бай, чи өөрөө унасан, чиний буруу” гэх байдлаар хандаж байна. Хааяа нэг эрхлүүлэлгүй яахав. Хүүхдүүдээ 18 хүрэхээр нь өөрөөсөө холдуулж, амьдрал үзүүлнэ гэж боддог. Эцэг, эхийнхээ хажууд бэлэн хоолтой байгаа хүний толгой хэзээ ч хөгжихгүй, асуудалтай нүүр тулж, давж сурахгүй. Барууныхан яагаад дэлхийг байлдан дагуулаад, хийж бүтээгээд байна вэ. Тэд хүүхдийнхээ өмнөөс бүх сонголтыг нь хийдэггүй, үргэлж дэргэдээ байлгаад нялхруулдаггүй, бүдрээд унахад нь “Яадаг муу газар вэ, ээж нь зодоод өгье” гэдэггүй. Хэзээ нэгэн цагт өнхрөөд өгөхөөс хойш хүүхдээ 18 нас хүртэл нь эрүүл саруул өсгөөд, аз жаргалтай хүүхэд нас амсуулж, бие даалгаж, өөрөөр нь шийдвэр гаргуулж, алдуулж, алдаанаасаа суралцахыг заах нь чухал. 

-Олон нийтийн сүлжээнд сөрөг мэдээлэл тараах, уур бухимдлаа сэтгэгдлээр гаргах хандлагатай хар масс давуу байна. Таныг ч нөхрийн утгаар шүүмжлэх биш, элдвээр доромжилсон харагддаг. Та үүнийг яаж даван туулдаг вэ?

-Би урлагаар гараагаа эхэллээ, дараа нь улс төрд орлоо. Энэ хугацаанд жижиг, том ямар ч зүйл хийсэн сөргөөр хүлээж авдаг хүмүүстэй олон таарсан. Тэр болгонд сэтгэл санаагаа бэлдэж, “Надад хамаагүй ээ, би муухай байна уу, аан за, зүгээр зүгээр. Төгс хүн байх биш” гэж хэлж сурсан. Миний хийж байгаа зүйл зөв, сайн сайхны төлөө байгаа цагт хүмүүс юу гэж хэлэх нь огт сонин биш.

-Өнгөрсөн оны их хурлын сонгуулиар “Амбицтай юм бэ” гэдэг үг их сонссон байх даа. Та амбицийг юу гэж боддог вэ?

-Хүн юу гэх хамаагүй, амбицтай байх хэрэгтэй. Зөв цагт, зөв газар амбиц гаргах нь зүгээр гэж боддог. Хаа хамаагүй газар мэдрэмжгүй царайлаад байвал хэцүү. Ер нь хүн өөрийнхөөрөө байна гэдэг гээж болохгүй үнэт зүйл. Хүмүүс элдвээр хэлсэн ч байгаа боломжоороо хичээгээд л амьдарч байна. Хүний хэлснээр мөн чанараа гээж, өөрөөсөө өөр хэн нэгэн болох дэмий. 

-Өнгөрсөн сонгуулиар та их өвөрмөц имиж бүрдүүлсэн. Тод өнгүүд сонгож, нүүр будалтаа ч их зөв хийсэн гэж хүмүүс дүгнэсэн байна билээ. Тод цэнхэр, шар өнгө хэний санаа байв?

-Өө манай багийнхан ярилцаж байгаад намайг илүү тодотгож өгөх өнгө цэнхэр юм байна, Нарантуяа гэдэг нэртэй юм чинь арыг нь шар өнгөтэй болгохоор шийдсэн. Гүн гүнзгий утга агуулга байхгүй ээ, боломждоо тааруулаад  хийсэн нь тэр. Нүүрээ ч гэсэн би өөрөө даруу, энгийн байдлаар будсан. Урлагт байхад бол бүрдүүлэх тодорхой дүр төрх гэж бий. Түүнээс биш эргэн тойрныхон маань намайг ямар энгийн гэдгийг сайн мэднэ. Би нүүрээ их тод будахаа больсон, цаг үеийн мэдрэмж, хүсэл гэж байдаг даа. Эмэгтэй хүн юм болохоор хааяа нэг гоёж гоодоод, гялалзмаар үе бий.

-“Нара шантрахгүй”, “Нара толгойтой болохоор юу хийхээ мэднэ” гэж хүмүүс ярих юм. Та улс төрд дахиад хүч үзэх үү?

-Миний зорилго тодорхой, би дуу хоолой болох ёстой. Тиймээс үүгээр дуусахгүй, дараагийн сонгуульд ч хүч үзнэ. Хэрэв би санал хуваах ч юм уу, олиггүй зорилгоор орсон бол өөр шүү дээ. Би БНСУ-ын сүлжээ “Nuclear Steak”-ийн хоёр салбарыг Монголд ажиллуулж байна. Эхний ээлжинд энэ ажлаа төвхнүүлж байж дараагийн ажилдаа орно оо. 

-Улс хөгжихийн тулд хүн нь хөгжих хэрэгтэй гэж та хэлдэг. Монгол Улсын урагшилж, хөгжих ёстой зүйл юу вэ?

-Хүүхдүүдэд л анхаарах ёстой. Насанд хүрчихсэн, 20 нас гарчихсан хүмүүсийг одоо хүмүүжүүлнэ гэдэг боломжгүй. Хүүхдүүдээ 18 нас хүртэл нь боловсролтой, өөрийгөө бие даан хөгжүүлэх чадвартай, хүсэл тэмүүлэлтэй, хамгийн гол нь эрүүл саруул өсгөх хэрэгтэй. Улс орон хүндээ анхаарна гэдэг бол хүүхдүүдэд анхаарахын нэр л дээ.


-Та эмэгтэйчүүд, ээжүүдийн дуу хоолой болно гэдэг. Тэдний төлөө нэн түрүүнд хийх ёстой зүйл юу вэ?

-Эмэгтэйчүүдийн үнэ цэнийг хуулиараа өсгөх хэрэгтэй. Гэр бүл саллаа гэхэд эх нь л хүүхдүүдээ тэврээд ажилтай, ажилгүй үлдээд амьдралын төлөө махарч байна. Япон эмэгтэйтэй гэр бүл болчихоод саллаа л бол бөөн мөнгө төлөх болдог. Салсан нөхөр цалингийнхаа бараг 80 хувийг нь хүүхдийн тэтгэмжид өгөх жишээтэй. Гэтэл манайд тэтгэмж нэртэй юм байдаг нь юу юундаа ч хүрдэггүй. Эхнэрээ зодлоо, гомдоолоо гэхэд ард нь ямар хариуцлага байдгийг мэддэг болох ёстой. Ганц манайхан ч гэлтгүй гадаадууд хүртэл “Монгол эмэгтэйтэй суух амар, бараг хүүхэд гаргуулсан ч яах ч үгүй” гэж яриад байна. Хүнээ дээдэлсэн, үнэ цэнийг нь тодорхойлсон хууль хэрэгтэй байгаа.

-Монголын нийгмийн томоохон хэсэг болсон оюутнуудад юу гэж зөвлөх вэ?

-Эргээд харахад номын мөр л хөөх ёстойг ойлгосон. Би өөрөө ч тийм оюутан байгаагүй л дээ. Оюутнуудад хандаж хэлэхэд 20 хувьд нь ажил хийж туршлага суух, 75 хувийг нь хичээлээ сайн сурахад, үлдсэн таван хувийг нь чөлөөт цагтаа зориулмаар юм шиг. Туршлага гэдэг маш чухал ч онолгүй практик хол явахгүй. Онол гэдэг бол маш том, тун нарийн систем шүү дээ. Зорилгодоо хүрч, холыг мөрөөдөж байгаа бол хичээлээ сайн хийгээрэй л гэж зөвлөнө.

-Эвгүй асууж байгаад уучлаарай. Та үнэхээр баян, эрх мэдэлтэй хүн байлаа гэж бодъё, үхэхээ мэдвэл юу хийж бүтээх вэ?

-Би таван одтой зочид буудал шиг өндөр настай хүмүүст зориулсан асрамжийн газар, бас номын сан байгуулна. Улсынхаа хөгжилд их, бага хувь нэмэр оруулсан хүмүүс яагаад сүүлийн жилүүдээ өрөвдөлтэй өнгөрөөх гэж. Миний хэрхэвч санал нийлэхгүй зүйл.