Намрын налгар өдрүүдэд урт удаан амралтынхаа дараа ажил албандаа орж, ядрах энүүхэнд байгаа бол эдгээр өдөрт нэн тохиромжтой, хөнгөн хэрнээ эрч хүч өгөх хоолны жорыг Австралийн III зэрэгтэй тогооч Ө.Анхбаяр хүргэж байна.

Тэрбээр “Өглөө, өдөр, оройн хоол төрөл бүр байвал зүгээр. Монгол малын мах илчлэг ихтэй учир зуны улиралд бага идэх хэрэгтэй. Тэр дундаа оройн хоол бага махтай байвал зохимжтой” гэв. Учир нь илчлэг ихтэй мах цус өтгөрүүлдэг ажээ.

Ө.Анхбаяр “Өглөөний цайнд сүү, тараг, өндөг зэрэг уураг ихтэй хүнс хэрэглэж байвал зүгээр” хэмээн зөвлөсөн. Харин өдрийн хоолонд тахианы цээж мах, загас, үхрийн мах идэж тэр өдрийн калорио авах шаардлагатай. Гэхдээ хэт цадвал халуун өдөр ажлын бүтээмж буурдаг байна. Зун хүний биеийн шингэн багадвал амархан ядардаг. Тиймээс ус, шингэн зүйл агуулсан шөл, жимс голдуу идвэл зохилтой гэв. Ингээд хулууны зутан шөл хэрхэн хийхийг тогооч Ө.Анхбаяр зааж өглөө.


Орц:

  • -Хулуу
  • -Давс
  • -Перец
  • -Сүү

Хийх арга:

Хулууг хальслан, доторхыг нь үрээс цэвэрлэнэ. Цэвэрлэсэн хулуугаа ижил хэмжээтэй хэрчээд, зөөлөртөл чанах хэрэгтэй. Зөөлрөнгүүт нь тусдаа саванд сойж тавина. Сойсон хулуун дээрээ хулуу чанасан шөлөө бага багаар хийж, хутгана. Дараа нь давс, перец, сүүгээр амтална. Өтгөн бол бага сүү, шингэн бол их сүү хийж тааруулна. Энэхүү зутан шөл махгүй учир зуны улиралд цагаан хоол идэх дуртай хүмүүст тохиромжтой юм.