УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганыг өчигдөр хаалаа. Ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа болж, нийт 87 хууль, УИХ-ын  44 тогтоол хэлэлцэн баталжээ.


Намрын чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Энэ удаагийн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүнд нийцүүлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохион байгуулагдсан анхны чуулган байснаараа онцлог.

- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид эдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх, хуулиар тогтоосон хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрх мэдлийг тогтоож өгсөн. Үүнтэй уялдаж, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Сумын ИТХ-д улс төрийн намын бүлэг ажиллахгүй байхаар тусгасан.

- Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Иргэдийнхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, эрүүдэн шүүлтээс ангид байх, шүүхэд зөвхөн хууль, ёс зүй ноёрхдог тогтолцоо бүрдүүлэх зорилго нэг шатаар урагшиллаа. Шүүгчийн томилгоонд хөндлөнгийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, мерит зарчмыг үндсэн шалгуур болгох зарчим тусгагдсан.

- “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталсан. Үүгээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжих юм.

- Монгол Улсад анх удаа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж томилсон. Мөн Авлигатай тэмцэх газрын удирдлагыг иргэдийн оролцоотой, нээлттэй сонсгол хийж томилох эрх зүйн шинэ орчин бүрдүүллээ.

- Банкны бодлогын хүү, ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод байна. Зээлийн хүүг энэ ондоо багтааж 1 оронтой тоонд хүргэхээр ажиллаж байна.

- Халдварын эсрэг вакциныг хугацаа алдалгүй авчирч, вакцинжуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн УОК-ын үйл ажиллагаанд үр дүнтэй, гарцаагүй зөв шийдвэрийг цаг алдалгүй авах чадавхийг бүрдүүлэх нь чухал.

- Үндсэн хуульд “мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Тиймээс мал сүргээ зудаас хамгаалах, малчдадаа туслах чиглэлээр авч буй арга хэмжээгээ эрчимжүүлэх шаардлагатай байгааг сануулж хэлье.

- 2021 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 8.7 их наяд, төсвийн зарлагыг 10.7 их наяд байхаар тооцсон. Төсвийн тогтворжуулалтын санд 156 тэрбум, Ирээдүйн өв санд 1.2 их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсөн. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг өнгөрсөн оныхоос 42.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Товчхон хэлбэл, нэлээд өөдрөг төсөв баталсан. Тиймээс төсвийн зарлагыг хэмнэх, зайлшгүй зардлын үр ашгийг сайжруулах, төсвийн сахилгыг хатуу сахих зарчмыг хэрэгжүүлэх нь чухал. 

- Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой гэж үзэж Улсын Их Хурал 92 дугаар тогтоолыг баталсан. Гишүүд энэ талаар байнга ярьж, санал, санаачилга гаргаж байна. Түүнчлэн Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар идэвхтэй ажиллаж, Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулахад онцгой анхаарч байгаа.

- Уудам дэлгэр газар нутагтай, газрын баялгаараа дэлхийн 10 баян орны нэг нь манайх. Хүн амын 59 хувь нь 30-аас доош насны, залуу ард түмэн. Иргэд нь ухаалаг, авьяаслаг, идэвх эрмэлзэлтэй. Гэтэл ДНБ-ий хэмжээ ердөө 13.0 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 4300 орчим ам.доллар байна. 

- Үйлдвэрлэл олигтой хөгжсөнгүй, ядуурал буурсангүй. Шударга ёс, тэгш эрх алдагдаж байгаа тухай олон жил ярилаа. Хөгжлөөрөө бусдаас хоцорч, өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж явна. Ийм байдлаас гарахын тулд Эрх зүйн хувьсгал хийх ёстой гэж бид үзсэн. Энэ зорилгоо хэрэгжүүлэх үндэс суурийг Үндсэн хуульд оруулсан, нэмэлт өөрчлөлтөөр тавьсан. Гэхдээ Хувьсгал дөнгөж эхэлж байна. Бидэнд хийх ажил их байна.

- Сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэж, хөгжин дэвшсэн, ард түмэн нь амар амгалан шинэ Монголын төлөө хамтран зүтгэцгээе.