Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэрээр Хэнтий, Сүхбаатар аймагт албан томилолтоор ажиллахаар явах замдаа Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км замын ажлын явцтай танилцжээ. 

Энэ үеэр Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх "Өнөөдрийн байдлаар далангийн ажил 95 хувьтай байгаа бөгөөд 11 км замыг асфальтаар хучаад байна. Энэ жил бороо их орсноос 29 хоног алдсан. Гэхдээ ирэх сарын 10-нд цементэн хучилт, 20-нд асфальтан хучилтаа дуусгаж 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой" хэмээн танилцууллаа.

Ашиглалтад орсноос нь хойш 60 жилийн дараа иж бүрэн шинэчилж байгаа энэ замын ажлыг хугацаанд нь, хамгийн гол нь чанартай хийж дуусгахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа. Бороо орж ажил удааширсан, тоос их босч хүндрэл учруулж байгаа ч иргэд үүнийг ойлгож хүлээцтэй хандана гэдэгт итгэж байгаагаа ч илэрхийлэв.

Энэ зам 70 см зузаан, 26-28 метр өргөн, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм. Зам ашиглалтад орсноор өдөрт 15-18 мянган тээврийн хэрэгсэл зорчино гэсэн тооцоо гарсан байна.

Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Синохайдро Корпорэйшн Лимитед”, туслан гүйцэтгэгчээр “Дардан говь”, “Тэгш плант”, “Гашууны гол” зэрэг компани ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.