"Юямика" хэмээх онлайн нэрээр олонд танигдсан Хятад улсын Чунцин хотын иргэн Хэ Юүхонг гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байснаа илчилжээ.

"Мона Лиза" хэмээх гайхалтай нүүр хувиргалтаараа алдаршсан 28 настай тэрээр даваа гарагт тохиосон "Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй хүчирхийллийг зогсоох олон улсын өдөр"-ийг тохиолдуулан өөрт тохиолдсон аймшигт дурсамжаа хуваалцсан байна.

Нийгмийн сүлжээгээр цацсан 12 минутын бичлэгт түүний экс найз залуу зураач Чен Хонг түүнийг лифтнээс буулгахын тулд хөлнөөс нь чирч байгаа хэсэг үлджээ. Юүхон бүсгүйтэй найз залуу нь анх эелдэг харилцдаг байсан ч яваандаа харгис үйлдэл гаргаж эхэлсэн аж. Эхлээд энэхүү үйлдлийг нь уучилж, хосууд эвлэрсэн ч байдал сайжирсангүй.

Тэдний жил үргэлжилсэн харилцааны явцад найз залуу нь таван удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн тухай Аsia One мэдээлжээ. Чен  нүүр рүү нь алгадах, хана руу толгойгоор нь цохих, газар хэвтэж байхад нь өшиглөх гэх мэт харгис үйлдэл гарган бие махбодийн хүнд дарамтад оруулсан юм. Мөн өөртэй нь хамт байгаадаа өөрийгөө “азтай”-д тооцох хэрэгтэй гэж сэтгэл санаагаар дарамталжээ.

Аргаа барсан Юямика бүсгүй Чений хуучин эхнэрүүдтэй холбогдон өмнөх харилцааных нь талаар асуухад бүгд хүчирхийллээс үүдэн харилцаагаа зогсооход хүрсэн тухай хэлсэн байна. 

Олон нийтэд дэлгэсэн уг бичлэгт Юямика анх хүчирхийлэл үйлдэхэд нь цагдаад хандаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлж, бусад эмэгтэйчүүдийг өөртэй нь ижил хувь тавиланг бүү туулаасай гэсэндээ болсон үйл явдлыг илчилсэн хэмээн ярьсан аж. Орон нутгийн цагдаа нар түүний бичлэгийг олон нийтийн сувгаар тархсаны дараа мөрдөн байцаалт эхлүүлснийг Хятадын олон нийтийн Weibo- сувагт нийтэлжээ. 

Чунциний эмэгтэйчүүдийн холбоо мөн түүнд тусламж санал болгосон ба тус байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэлийн бүх хэлбэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Харин хуучин найз залуугийнх нь хувьд хариу мэдэгдэл хийгээгүй ч уруул дээрээ хуруугаа дарсан зургаа нийтлэн, сэтгэгдэл үлдээх эрхийг хаасан байна.

https://nextshark.com/