Одоогоос найман жилийн өмнө биткоин ердөө нэг долларын үнэтэй байхад хүмүүст худалдаж авахыг зөвлөж байсан эр өдгөө хүн бүрийн мөрөөдлийн амьдралаар амьдарч байна.

Чилийн иргэн Давинчи Жереми 2013 оны 5 дугаар сард өөрийн YouTube хуудаснаа хүмүүст нэг долларт ч болов криптовалют худалдан авахыг зөвлөсөн бичлэгээ байршуулж байжээ. Харин өдгөө түүний амьдралыг бас биткоины ханшийг харвал тэр үнэхээр л юу ярьж байгаагаа мэдэж байсан бололтой.

Хэрэв түүний инстаграм хуудсыг сонирхвол тэр бид бүгдийн мөрөөдөл болсон амьдралаар амьдардаг бөгөөд хувийн онгоц, далайн эрэг, дарвуулт хөлөг онгоц гээд хүний эдлэхийг хүсдэг бүхэн бий. Монтэ Карло, Дубай зэрэг хөрөнгө чинээлэг хүмүүсийг угтаж авдгаараа алдартай хотуудаар аялсан зургуудыг нь ч үзэж болно.

Тэрээр өөрийгөө твиттер дээр “Гэр бүлсэг нэгэн, Программч, YouTuber, Биткионыг эрт худалдаж авсан хүн” хэмээн тодорхойлсон байдаг ба хамгийн сүүлийн постоо “Би босс шиг л амьдарч байна” хэмээн гарчиглажээ. Энэ нь ч тийм худлаа онгирсон хэрэг биш юм.

Түүний энэ амьдрал тэр чигтээ биткоинтой холбоотой. 2013 онд оруулсан бичлэгийнхээ хамтаар тэр нэгэн зүйлийг бичсэн нь “Хараач, нэг сугалаа авах үнээр чи биткоин худалдаж аваад 10 жил хадгалахад саятан болох боломжтой. Айдастай амьдрахаа боль л доо. Хэрэв энэ бүтэлгүйтэж ханш нь унасан ч чи нэг доллар л алдах болно. Тэглээ гээд хэнд хамаатай юм? 

Гэхдээ миний хэлсэн үнэн байх аваас би та нарыг надад талархаасай гэж хүсэж байна. Харин арван жилийн дараа над дээр ирээд “Чамайг хэлж байхад л үгийг чинь дагадаг байж” гэж яриад ирвэл надад таатай байхгүй л байх болов уу” хэмээжээ.

Гэвч үнэхээр тэр үед түүний зөвлөгөөг дагаагүй нэгэн өдгөө тэгж л харуусаж суугаа байх.

Мөн түүнчлэн өнөөгийн ханшийн уналтын тал дээр ч тэр саяхан өөрийн бодлоо хуваалцсан бөгөөд “санаа зовох зүйлгүй” гэсэн байна.


Эх сурвалж: LadBible