БОАЖЯ-наас "Хандлагаа өөрчилье" багц ажлыг хоёр дахь жилдээ санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын гол зорилго нь иргэдийг наадмын арга хэмжээнд оролцохдоо хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалж буй аж. 

Мөн энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат наадмын тасалбар болон зарим асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тухайлбал үндэсний их баяр наадмаар аялал жуулчлалын холбоод их хэмжээний суудал захиалах хүсэлт гаргадаг байна. 

"Энэ жил гэхэд аялал жуулчлалын холбооноос 3500 суудлыг жуулчдад олгохыг хүссэн. Гэвч Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянга гаруйхан суудалтай учраас хүсэлтээ ирүүлсэн жуулчин бүрт суудал өгвөл монголчууд өөрсдөө наадмаа үзэх боломжгүй болно. Иймд том хүрээлэнтэй болтлоо бид нөхцөл байдалтайгаа зохицох хэрэгтэй" гэлээ.

Харин баяр наадмын нээлт үзэж чадаагүй жуулчдад зориулж  энэ сарын 11-ний орой “Naadam night" шоуг Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хуучнаар паркад зохион байгуулахаар болжээ.

Наадмын нээлтийг монгол хэлээр зохион байгуулдаг тул гадаад жуулчид ойлгодоггүй. Жуулчид энэхүү шоунд оролцсоноор наадмын талаарх мэдээллийг англи хэл дээр авах боломжтой.

"Нэг үеэ бодвол ариун цэвэр, байгаль орчны хувьд дэвшилтэт зүйлүүд нэмэгдэж байгаа аж. Өмнөх жилүүдтэй харьцуулбал гадаах 00-ийн тоог нэмэгдүүлсэн. Гэхдээ хангалттай түвшинд одоохондоо хүрч чадаагүй байгаа. Үнэ тарифын хувьд гадны дотны гэлтгүй ижил тогтоохоор ярилцаж байна. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөн дээр тэр гудамжийн нэрийг өөрчлөх санал оруулсан байгаа. Ганданг жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөсөн" гэв.