Цар тахлын үед хамгийн сайн хамгаалалттай маскаар шалгарсан N95 маскийг зохион бүтээгч 2 жилийн өмнө тэтгэвэртээ гарчээ. Гэвч эрүүл мэндийн салбарын ажилчдад түүний тусламж хэрэг болоход тэр эргэлзээгүйгээр ажилдаа эргэн орсон байна. 

Түүнийг Петр Цай гэдэг бөгөөп вирусийн эсрэг хамгийн үр дүнтэй хамгаалалт болох N95 маскийг бүтээхийн тулд нийлэг материалыг нь гаргаж авсан Тайван гаралтай Америкийн шинжлэх ухаанч юм. Тэрээр АНУ-д коронавирус тархаж эхлэхэд маскийг хэрхэн ариутгах аргыг судалж эхэлжээ. 

Тэрээр CNN агентлагийн эрүүл мэндийн ахлах сурвалжлагч Др.Санжэй Гуптатай хийсэн ярилцлагадаа энэ зууны хамгийн ноцтой эрүүл мэндэд заналхийлсэн хямралын үед ажилдаа эргэн орох ямар байгаа талаараа ярилцжээ.

"Надад ажилдаа эргэн орж, эрүүл мэндийн ажилчдад туслах хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Юу гэвэл, тэд өөрсдийн амиа дэнчин тавьж байгаа шүү дээ. Харин миний мэдлэг тэдэнд тусалж чадна" хэмээсэн байна.

Петр Цай 1995 онд тухайн маскийг бүтээх технологийг оюуны өмчөөр баталгаажуулсан юм. Тэрээр эмч, сувилагчид маскны нөөц хомс байгаагаас нэг маскаа олон дахин хэрэглэж байгааг мэдмэгцээ шууд л ажилдаа орсон байна. Өдөрт 20 цаг ажиллаж, маскийг хэрхэн ариутгаж болох бүх л аргыг тэр туршжээ. Наранд хатааж, шарах шүүгээнд хийж, савангаар угааж, уураар утаж ч үзсэн гэнэ. 

Шилдэг арга нь юу байсан бэ гэвэл маскийг 30 минутын турш 160° халуун агаараар үлээлгэх байв. Үүнийг шарах шүүгээнд ч хийж болох юм. Гэвч түүний санал болгох арга энэ биш. Түүний хэлж буйгаар эмч сувилагчид 7 масктай байх ба нэг өдөрт нэгийг хэрэглээд хүн амьтан хүрэхгүй газар 7 хоногийн турш хатаах гэнэ. Учир нь масканд наалдсан ямар ч бактери 7 хоногийн дотор алга болох учиртай. 

АНУ-ын Өвчлөлийг хянах, хамгаалах төвөөс олон нийтийг энэ төрлийн маскийг худалдаж авахгүй байхыг анхааруулж байгаа гэнэ. Учир нь маскны бүтэц хүний нүүрэнд яг таардаг бөгөөд олон нийт үүнийг худалдан аваад байвал эмч сувилагчид нөөцгүй болох хүндрэл үүсэх юм.

Гэвч N95 биш байсан ч ямар нэг маск зүүх хэрэгтэй гэдгийг Цай онцлов.

Мөн тэр "Зарим хүн "Надад хамаагүй болохоор би зүүхгүй" гэж байгаа. Энэ бол үнэхээр амиа хичээсэн хэрэг. Учир нь танд таны амь хамаагүй байж болох ч та өөрийн вирус, нянгаа бусад хүмүүст цацсаар байх болно. Тиймээс ямар нэгэн маск заавал зүүх хэрэгтэй" хэмээжээ.


Эх сурвалж: CNN