Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Тус хуралдаанаар гаргасан холбогдох шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлш хэрэглэж эхлээд буй. Цаашид Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах ажлуудаа илүү эрчимжүүлнэ. 

Шат шатандаа анхаарал, аюулгүй байдлаа хангаагүйн улмаас сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцдаа иргэд угаарын хийнд хордох тохиолдлууд өнгөрсөн өдрүүдэд  гарлаа. 

Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар угаарын хий мэдрэгч тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн иргэдэд нэг удаа үнэ төлбөргүй хүргэхээр шийдвэрлэлээ" мэдэгдлээ. 

Тодруулбал, 11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх аж.

Шаардагдах 6 тэрбум төгрөгийг:

  1. Орчны бохирдлыг бууруулах үндэсний газрын 2019 оны төсөв дотор зохицуулалт хийнэ.
  2. Мөн нийслэлийн төсвөөс зохицуулалт хийхээр Засгийн газраас чиглэл өгсөн байна.

Мөн тэрээр мэдээллийнхээ эхэнд угаарын хийнд хордсоны улмаас амиа алдсан 6 хүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлэв.