Тэд согтууруулах ундаа бага хэрэглэж, селфи авч, авокадотой шарсан талх иддэг. Тэдний сэтгэлгээ, амьдралын хэв маяг өмнөх үеийнхнээс маш өөр гэхэд болно. Дээд үеийнхнээсээ ялгарч буй мянганыхны бас нэг онцлог бол дотно харилцаанд хожуу орох гэдгийг олон судалгаа харуулж байгаа гэнэ. 

Тодруулбал, эрдэмтэд сүүлд 16 мянга гаруй хүний дунд судалгаа явуулахад найман хүн тутмын нэг нь 26 нас хүртлээ дотно харилцаанд орж үзээгүй байжээ. Лондоны их сургуулийн судлаачид Next Steps төсөлдөө 1989-1990 онд мэндэлсэн хүүхдүүдийг 14 наснаас нь эхлэн ажигласан аж. 

Дотно харилцаанд өмнөх үеийнхэнтэй харьцуулахад хожуу орох болсныг мэргэжилтнүүд хоёр шалтгаантай хэмээлээ. Нэгдүгээрт, мянганыхан порнографийг чөлөөтэй үзэж өссөн. Хоёрдугаарт, дотно харилцаанд орохоос эмээдэг.

Мянганыхны 90 хувь нь дор хаяж 19 нас хүрч байж дотно харилцаанд орсон.

Сэтгэл засалч Сюзанна Абсе “Мянганыхан сексд маш их ач холбогдол өгдөг, донтолтын байдалтай соёл нийгэмд өссөн. Энэ нь тэднийг дотно харилцаанаас эмээдэг болгожээ. Эмэгтэйчүүд нь илүүдэл жингүй, унжсан гэдэсгүй, эрчүүд нь байнгын бэлэн байх ёстой гэсэн бодлыг порнографи, нийгмийн хий үнэлэмж тэдний далд ухамсарт суулгасан гэж болно” хэмээн Sunday Times-т ярьжээ. 

Судалгаагаар 16 мянга гаруй хүний 12.5 хувь нь огт хүнтэй “ойртоогүй”, 90 хувь нь дор хаяж 19 нас хүрч байж дотно харилцаанд орсон болохыг тогтоосон. Мөн судалгаанд хамрагсдын нэг хувь нь 23-26 насандаа бэлгийн харилцаанд анх орсон байжээ. 

2016 онд АНУ-д ижил зорилготой судалгаа хийсэн аж. Тэгэхэд 25 жилийн өмнө өсвөр насны охидын 58 хувь нь охин биеэ алдсан байсан бол 2016 онд 44 хувь болж багассан нь тодорхой болжээ. 

Хөвгүүдээс ч энэ хандлага ажиглагдсан. Тэдний эцгүүд өсвөр насны хөвгүүд байхад 69 хувь нь хүнтэй унтаад үзчихсэн байж. Харин судалгаанд хамрагдсан өнөө цагийн өсвөр насны хөвгүүдийн 47 хувь нь л ийм харилцаанд орж үзсэн аж. 

Мянганыхан магадгүй Netflix үзэж, фэйсбүүк, инстаграм гэсээр завгүй байгаа байх. Эсвэл хиймэл хөх, өгзөг, зургаан толгой булчин, чинээлэг амьдралын хэв маяг дэлгэрсэн өнөө цагт тэд өөрсдийгөө голдог байх гэж мэргэжилтнүүд үзлээ.