Хэрэв та мууртай бол тэд хүнээс хавьгүй дээр амьдардгийг гадарлах байх. Тэд хивсний нар туссан хэсэгт унтаж, шинэхэн буйдан дээр тань тухлан, өдөрт хоёр удаа эрүүл хоол иддэг. Тэдэнд аяга таваг угааж, гэр цэвэрлэх ээлж гэж байхгүй. 

Тэгэхээр амьдралын сайхныг хэрхэн мэдрэх тал дээр муурнаас илүү сайн зөвлөх бий гэж үү? Нэрт зохиолч Франческо Марчюлиано “Та дахиад унтах хэрэгтэй: Муурнаас илгээх зөвлөгөө” хэмээх ном гаргасан байна. Уг номд муур бяцхан гэртээ хэрхэн “хаанчилдаг” тухай энгийн хирнээ зальжин арга, ухааныг өгүүлсэн байна. Тэдний заримаас товч дурдъя.

Хайртай хүнээсээ ямагт есөн метр хол бай

Эрүүл харилцаанд хамт цаг өнгөрүүлэх чухал шиг, хувийн орон зай ч чухал. Хамтрагч тань өрөөнд ороод ирвэл зөрөөд гар, араас чинь дагавал зугт.

Хамтрагчийнхаа сонирхлыг хуваалц

Чадах эсэх нь хамаагүй, хэрэв таны хамтрагч дуртай бол юу ч байсан хамт хий.

Хүмүүс хараагүй байхад ч хөөцөлд

Хайр, нөхөрлөл, амжилт, үл харагдагч хулгана аль нь ч бай сэтгэлд чинь багтсан л бол араас нь хөө. Бусад хүн хараад “Наана чинь юу ч алга байна шүү дээ” гэж магадгүй ч зүгээр суусан хүнд хоол ирдэггүйг санаарай. 

Бүх хүнд адилхан муухай ханд

Та танилуудаа энгийн найз болон дотно найзууд гэсэн бүлэгт хуваах хэрэггүй. Эс тэгвээс танд гоморхсон нэг хэсэг, юу ч гуйхаас буцахгүй нэг хэсэг хүмүүсийн дунд амьдрах болно. 

Хэрэгтэй үед холхон бай

Хэрэв та хүмүүсийн нүдэнд харагдаж байвал тэд танаас тусламж хүсэх болно. Тэд таныг өдөржин хайсны эцэст үүдний хатавчин дор хэвтэж байсныг тань мэдээд эмээж, тайван орхино.