Кенийн үндэсний тагнуулын албаны ажилтнууд тус улсын Момбаса боомтоос муудаж, шаардлага хангахгүй болсон 1 сая шуудай цагаан будаа хураан авсан тухай тус улсын засаг захиргаанаас мэдээлжээ.

Үндэсний тагнуулын албаны ажилтнуудын илрүүлсэн хортой цагаан будаа нь Пакистан улсаас гаралтай болох нь Кенийн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос танилцуулсан тайлангаас харагдаж байгаа аж. 

“Шударга бус импортлогчид хадгалах хугацаа нь хэтэрч муудсан цагаан будааг шинэ уутанд шилжүүлэн савлаж, боомтоор нэвтрүүлэхээр бэлдсэн байжээ. Цагаан будааны зарим хэсэг нь гурван жилийн өмнө үйлдвэрлэсэн бөгөөд хэрэглээнд тохиромжгүй болох нь тогтоогдож, хураагдсан будаа байсан” гэж тус улсын эрүүгийн хэрэг мөрдөн байцаах газрын дарга Жорж Киноти сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Цагаан будааг дахин савлах үед нь хураан авсан хэдий ч түрүүчээсээ зах зээлд борлогдож эхэлсэн байх магадлалтай нь албаны хүмүүсийн сэтгэлийг түгшээж байгаа юм байна. Үүнээс гадна, Кени улсын стандартын шаардлагыг хангаагүй 400 чингэлэг ургамлын тосыг мөн хураан аваад байгаа ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг