Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, цагдаагийн ахлах дэслэгч, МУСТА Бямбасүрэнгийн Долгормаа гэж эгэл энгийн атлаа энхрий ялдам, сонсголонтой уянгалаг хоолойтой үзэсгэлэнтэй сайхан бүсгүй бий. Түүний дуулж байгааг сонсохоор цаанаа л нэг уянгалаг, эвлэгхэн эгшиглэнтэй хоолойгоор ёстой л нөгөө учиг шаглан урлаж байгаа мэт мөр шад бүхнээр нь нандин хээнцэр өрж, үг өгүүлбэр бүр нь уярал ухаарлыг зүрх сэтгэлд нэвт шингээнэ. Түүний дууны урын сан үнэхээр арвин юм. Залуухан дуучин бүсгүй Монголын дууны урлагийн алдартнуудын дуулсан мэргэжлийн хэмжээний томоохон дуунуудыг чамгүй сайн дуулан урын сандаа багтаасан нь түүнийг хэн бэ, хир хол явах дуучин бэ гэдгийг бэлхэнээ илтгэнэ.

Урин хавар ирж, хааяа хааяахан гэгэлзмээр ч юм шиг хачин урт өдрүүд айсуй энэ цагт дуучин бүсгүй маань анхны бие даасан тоглолтоо үзэгч сонсогчиддоо хүргэхээр бэлдэж байна. Тоглолтонд Улсын филармонийн Морин хуурын чуулга, Цагдаагийн “Сүлд” чуулгын найрал хөгжимчид, бүжигчид, Монголын хүүхдийн ордны найрал дууны ангийн сурагчид, дуучин Э.Төрмандах /СТА/, Б.Жавхлантөгс /СТА/, Л.Эрдэнэболд нар оролцох бөгөөд дуучин бүсгүй маань олон төрөл жанрын дууг дуулж мэргэжлийн дуучныхаа чадал чансааг харуулах юмаа

Тоглолт 2019 оны 03-р сарын 30-нд 18.00 цагт Corporate Concert Hall-д болно.