Сэтгэл судлаачдын ажлын өрөөнд ихэвчлэн ганцаардмал эмэгтэйчүүд орж ирдэг. 

Үзэсгэлэнтэй, ухаантай, ажил мэргэжлийн хувьд амжилттай яваа ч ганцаардмал. Тэд бүгд аз жаргалтай амьдрах эрхтэй. Тэдгээр эмэгтэйчүүд өмнө нь эрэгтэй хүмүүстэй хэрхэн хайр дурлалын харилцаанд орж байсан, хэрхэн бүтэлгүйтэж, зүрх сэтгэл нь шархалж байсан талаар олон түүх ярьдаг. 

Ээлжит нэгэн харилцаа дуусгавар болсны дараа бүгдийг зөнд нь орхиж ганцхан өөрийгөө бодож амьдрах хүсэл төрдөг тухай ярьдаг. Тэд хэсэг хугацаанд дотогшоогоо нуугдаж, тайтгарал эрэн хүлээдэг. Харин дараа нь өнөөх цор ганц, мөрөөдлийн залуугийн эрэлд ахиад л гардаг. Эмэгтэйчүүдийн дотроо дүрслэн бодсон байдаг ТЭР мөрөөдлийн залуучууд хоорондоо маш адилхан тул тодорхойлолтыг нэгтгэн үзвэл иймэрхүү дүр зураг харагдаж байна: 

·Царайлаг, сайхан биетэй, цэвэрч, амьдралын эрүүл хэв маягтай;

·Мэдрэмжтэй, сайхан хувцасладаг;

·Тэр жинхэнэ найз, бүгдийг ойлгож эмэгтэй хүнийг мэдэрч чаддаг. 

·Анхаарал, халамж их тавьдаг, тусалж дэмждэг;

·Романтик, гайхалтай амраг;

·Хүүхэддээ хайртай (яагаад ч юм эмэгтэйчүүдэд дагавар хүүхэдтэй эрэгтэйчүүд төсөөлөгддөг);

·Түүний хүүхдүүдийг өөрийнх шигээ хайрладаг, ахин хүүхэдтэй болохыг хүсдэг;

·Сэтгэл судлал, оюун ухаан судлалыг их сонирхдог, түүнтэй энэ бүхний талаар ярилцах боломжтой;

·Хэнээс ч хараат бус амьдардаг, дуртай ажлаа хийдэг;

·Орлого сайтай, гэр бүлээ хангалуун амьдруулах чадвартай;

·Тэр жинхэнэ эр хүн – санаачилгатай, хүчтэй, хариуцлага хүлээж, ухаалаг шийдвэр гаргах чадвартай;

·Хобби сонирхол нь таардаг...

Нэг иймэрхүү...

Би их гайхдаг энэ бүхнийг эмэгтэйчүүд хаанаас гаргаж ирээд байна? Ухаантай эмэгтэйчүүд яагаад энгийн дүн шинжилгээ хийж чаддаггүй юм бэ? “Аз жаргалтай амьдар, мөрөөдлийн залуугаа ол” гэсэн номыг хэтэрхий их уншчихсан юм болов уу? 


Хамгийн энгийнээс нь эхэлье.

Амьдралын хэв маяг. “Орлого сайтай, дуртай ажлаа хийдэг”өнөөх залуу маань хувийн бизнес эрхэлдэг, удирдах албан тушаал хашдаг эсвэл салбартаа тэргүүлдэг мэргэжилтэн болж таарч байна. Тэгвэл гэрээсээ 6-7 цагийн үед гарч, орой 7 цагаас хойш ирдэг гэсэн үг. Хурал, семинарт сууж оройтдог эсвэл үргэлжлүүлэн гэртээ ажлаа хийдэг. Ажил дээрээ ачаалалтай ажиллаж, ядардаг тул гэртээ ирсэн хойноо ганц л зүйлийг хүснэ. Амар тайван байдлыг. Сэтгэлээсээ ярилцах цаг зав, хүсэл түүнд байхгүй. Тэр заримдаа хэтэрхий их ядардаг тул юу ч анзаарахгүй, харин шөнө нь дэр толгой нийлээд л унтчихдаг тул гайхалтай амраг байж чаддаггүй. 

Хүүхдэд хайртай. Долоо хоногтоо ганц хоног амардаг тул сайн аав байхын тулд анхны гэрлэлтийн хүүхдүүддээ анхаарал хандуулж, цагийг тэдэнтэйгээ хамт өнгөрөөхийг бодно. Тэр хүүхдүүддээ хайртай шүү дээ. 

Амьдралын ЭРҮҮЛ хэв маягтай. Тэгвэл мөрөөдлийн залуу маань өглөө бүр гүйдэг, бассейнд сэлдэг эсвэл фитнест явдаг болж таарч байна. Энэ бүхэнд бас цаг гаргах хэрэгтэйг мартаж болохгүй. 


Дараа дараагийн тодорхойлолтууд угаасаа ойлгомжтой санагдаж байгаа биз? 

Жинхэнэ утгаараа оюун санаа, сэтгэл, гүн ухааныг сонирхон судалдаг эрэгтэйчүүдийн талаар авч үзэхэд тэд бол жинхэнээсээ эмзэг, мэдрэг хүмүүс байдаг. Олон зүйлийг тунгаан бодож, ойлгодог. Мэдрэмжтэй. Гэхдээ тэд материаллаг эд зүйлс, мөнгө сонирхдоггүй, эрх мэдэлд шунадаггүй. Ийм төрлийн эрэгтэйчүүд дотоод сэтгэлийг биширч, багахан зүйлд ханаж, өөрийн бүх цаг, эрч хүчийгбясалгалд зориулах нь олонтаа...


Цааш үргэлжлүүлж болно л доо. Гэхдээ шаардлагагүй болов уу. Энэ бүхэнд дүгнэлт хийж сайн бодох хэрэгтэй шүү, бүсгүйчүүдээ. Ямар ч эрэгтэй хүн таны бүх хэрэгцээ, хүслийг хангаж чадахгүй. Тэр хэчнээн их хүсэвч түүнд хангалттай их цаг зав, эрч хүч байхгүй. Сонирхолтой нь эдгээр эмэгтэйчүүд өөрсдөө маш шахуу амьдралын хэв маягтай. Ажил, хобби, хүүхэд, спорт гээд л ... 

Тэгсэн атлаа эрэгтэй хүнийг адилхан амьд хүн гэж боддоггүй. Үүний үр дүнд юу болдог гээч? Эхэндээ эрэгтэй нь түүний ухаан, гоо сайхан, бие даасан байдал, дур сонирхол, тачаангуй байдалд татагдана. 

Гэхдээ цаг хугацааны эрхээр тэр түүний дуусашгүй их хүслийг биелүүлэхээс залхаж, энэ бүхэн түүнд асар их дарамттай санагдана. Тэр удалгүй түүнээс салж, тэд хоёул гүйцэлдүүлж чадаагүй хүсэл, буруутай гэсэн мэдрэмж, өөртөө гутарсан сэтгэгдэлтэй л хоцордог.