Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр Мэнэнгийн талаас дэрэвгэр жиргэрүү хэмээх өвсийг их хэмжээгээр түүж байна  гэх мэдээлэл чих дэлсэх болсон. Нэг кг нь 6000 мянган төгрөгөөр зарагдаж буй тус ургамлын талаар ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ургамлын аймаг, ангилал зүйн лабораторын эрхлэгч М.Ургамалаас тодрууллаа.

    - Дэрэвгэр жиргэрүү гэж ямар төрөл зүйлийн ургамал вэ?

     - Голдуу газар тариалангийн бүс нутаг дахьг сул хөрстэй   газар, Дорнодын тал нутагт ургадаг хөл газрын ургамал. Латин нэршил нь (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk). Хөл газрын гэхээр зарим нь үнэ цэнэгүй гэж ойлгоод байдаг нь эндүүрэл. Газраар ургадаг болохоор ингэж нэршсэн. Харин манай орны ховор ургамлын жагсаалтад орсон эмийн болон хүнсний ач холбогдолтой. Хятад, Солонгост дэрэвгэр жиргэрүүг хүн орхоодойн оронд орлуулж хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэдэг.  

-Үндсээр нь түүж аваад байгаа юм байна. Энэ тохиолдолд дахиж ургах уу?

-Үрлэчихсэн байхад нь түүвэл дахин ургахгүй. Мэнэнгийн талд бол зах хязгааргүй ихээр ургаж байгаа мэт харагдавч энэ эрчээрээ түүвэл гуравхан жилийн дараа ч устах боломжтой. 

- Дэрэвгэр жиргэрүүгийн нөөц хэр их вэ?

-Хязгаарлагдмал нөөцтэй учраас хамгаалах хэрэгтэй байна. Устаж байгаа ургамлын төрөл боловч түүхгүй ганц хоёр жил өнжөөхөд л сэргээд ургачихдаг.

-Ач холбогдол нь юу вэ?

- Энэ ургамал экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой. Үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг.