Мураками Харуки 1949 онд Киото хотод мэндэлжээ. Би түүний “Нэжимаки Тори” цувралууд, 1Q84 цувралууд, “Ѳнгѳгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” , мѳн “Эмэгтэй хүнгүй Эрчүүдийн ертѳнц” ѳгүүллэгүүдийг уншсан ч залхсан удаагүй ээ. Анх түүний бүтээлийг эх хэл дээр нь уншихад тѳрсѳн сэтгэгдлээ ер мартдаггүй юм.

Дѳнгѳж худалдаж авсан, нүдний хор хараахан ороогүй, хуруу зүсэм цаастай, хатуу хавтастай зузаан номоо дугуй ширээн дээрээ дэлгэн тавиад зѳѳлѳвчгүй модон сандал дээр шомбойтол сууж нуруугаа цэхлээд хамгийн эхний мѳрийг гарчигласан тэр мѳчийг мартахгүй ээ.

Тэр ѳдѳр бороо орж байсан. Хуванцараар хийсэн шүхрийн уруугаа харсан толгойноос бороон дусал дусалж кофе шопын цонх үл ялиг нуухатсан ч “шибуяа”гийн уулзвараар зѳрѳн ѳнгѳрѳх шоргоолж шиг бужигнасан хүмүүсийн барааг тусгахтайгаа байв.Бороотой сэрүүн ѳдрѳѳр хѳрч гүйцсэн гараа ханцуйгаасаа  дѳнгѳж цухуйлгаад кофетой халуун аягаа хоёр алгандаа наан суух нэн таатай.Япон хэлний сургуульд сурдаг оюутанд япон хэлний зузаан роман уншина гэдэг амаргүй даваа юм шүү. Ханз үсэг, хирагана, катакана гэх гурван үсэг холин хэрэглэгддэг япон хэл гэгч тэр үед бурхнаас надад олгогдсон хамгийн том шийтгэл байлаа. 

Одоо ч дээрдэж шалиагүй дээ.Гэвч, Муракамигийн зохиолыг уншихад тѳсѳѳлсѳнѳѳс цѳѳн удаа толь бичиг эргүүлснээ тэмдэглэмээр байна. Энэ нь түүний хэлдгээр ѳгүүлбэрийн зохион байгуулалт, бүтэц нь жигдрэхдээ орчихсоныг илэрхийлж буй. Тэрээр зѳвхѳн ѳѳрийн үгээр ѳѳр хэн ч хэлхэж чадахгүй ѳгүүлбэрийн хэв маягийг олж чаджээ. (Япон хэлээр “бунтай” гэдэг, сонирхуулахад)Утга уран зохиолын сүнс нь “үг”. Нэгээс дээш үг нийлснийг ѳгүүлбэр гэнэ. Харин ѳгүүлбэрүүд нийлэн “эх”ийг бүтээдэг. Эх биеийн цогцлоох ѳѳрийн арга барилыг олохын тулд зохиолч бүр дор бүрнээ маш их цаг хугацаа, хүч хѳдѳлмѳрийг золиосолдог билээ. Г.Г. Маркес “Зуун жилийн ганцаардал” романаа арван долоотойгоосоо бичиж эхлээд хорь гаран жилийн нүүрийг үзсэний эцэст дуусгасан гэдэг. Мэдээж агуулгыг бодох, ѳѳрийн туулсан амьдралын туршлага шаардагдсан нь гарцаагүй. Түүнээс гадна тэр бичиж эхэлмэгцээ л ѳѳрийн уран зохиолын арга хэв дутаж буйгаа ойлгосон гэдэг билээ.Мураками Харуки бичгийн хэлбэрийнхээ донжийг шийдэхийн тулд маш олон арга чаргыг хэрэглэж үзжээ. Бунтай буюу “эх”ийг цогцлоохын тулд зохиолч маань бичиж илэрхийлэх гэснээ англи хэлээр бичиж эхэлжээ. Хүн тѳрѳлхтѳн ямар хэлээр ярина, бичнэ тэр хэлээрээ боддог. 

Харин тэр загварыг эвдэн, япон хэлээр (эх хээлээрээ) дамжуулалгүй англи хэлээр буулгаж үзсэн нь түүний хувьд нээлт болж, ѳдгѳѳ түүний бичгийн загварын үндэс болсон ажээ. “Англи хэл дээр бичсэнээ япон хэл рүү хѳрвүүлэн үзвээс үнэхээр сонин, таахын аргагүй үр дүн гарсан юм” хэмээсэн.

Үлгэр сонсож буй аятай, эсвэл кино үзэж суугаа мэт л гэх үү, урсаад л урсаад л. 

Ямар нэг жигтэй дѳрвѳлжин үсэгнүүдийг холбож, түүнээ ойлгох гэж хичээгээгүй юм шүү, итгээрэй. Нүүдлийн иргэншилтэй монголчууд бид харьцангуй “юмсыг” товчлох дуртай улс. Газар товчлохоосоо гадна хэлэх гэсэн санаагаа зүйр үг, сургааль үг болгон товчлох дуртай. Энэ нь орчин үеийн уран зохиолд ч давамгайлсан шинжтэй. Богино ѳгүүлбэрээр ихийг тайлбарлах арга ухаан. Харин ѳглѳѳний цайнаараа гарчиглачих, ѳдрийн ундны цагаараа толгойгоо сэргээчих хѳнгѳн утга агуулга, сэдэвтэй ном товхимлууд нэн ховор. Зураг голцуу ном, аяллын тэмдэглэлүүд, хѳнгѳн ѳгүүллэгийн түүвэр гэх мэт..Сайн мууг хэлэлцэх гээгүй юм шүү. Алив зүйлс, ялангуяа урлаг, утга уран зохиолын салбарууд БАЯЛАГ байваас хүний оюун тархи олон талаараа хѳгжих, цэнгэхийн үндэс болох талтай шүү дээ.

Муракамигийн зохиолууд бол тэр утгаараа тархи амраагч. 

Эргүүлж суухад таашаалтай, ядрахгүй.Түүний зохиолуудын тэмдэглэлүүдийг тусад нь бичих болно. Бүр нарийвчлан бичмээр санагдана. Яг юу нь сонин содон юм, ямар үгийг хаана хэрхэн хэрэглэж байгаагийн нь гээд л, бичиж сонирхуулах зүйл даан ч их байна даа.Энэ удаад би Мураками Харуки зохиолчийн хувийн амьдрал буюу, бичгийн амьдралаас нь цухас дурдмаар санагдлаа.Тэр хэн бэ?Мураками Харуки гучин нас хүртлээ олны л адил эгэл жирийн амьдралаар амьдарч ирсэн билээ. Ѳглѳѳ ажилдаа гараад орой ажлаасаа ирдэг.Ганц ѳѳр зүйл нь гэвэл тэр сонирхолтой зүйлээ л хийдэг байв. “Дуртайгаа хийж амьдрахад буруу нь юу байна?” гэж хэлэх дуртай. Тэр цаг зав л гарвал ном унших юмуу хѳгжим сонсдог хүүхэд байлаа. 

Муракамиг уншдаг хүмүүс мэдэх байх даа, түүний зохиолууд дуу хѳгжмѳѳр баялаг гэдгийг. Тѳгѳлдѳр хуурын аяз, алдарт битлэз, бийч бойз хамтлагууд гээд зохиол дунд нь нэлээдгүй их давтагддаг. Хѳгжим дурдагдаагүй үргэлжилсэн үгийн зохиол гэвэл миний уншсан хэд дотор лав байхгүй. Тийм дээ ч, зохиолч маань зохиолч болохоосоо ѳмнѳ “сэндагая” дүүрэгт жазз хѳгжмийн клаб нээн, түүндээ орой болгон амьд тоглолт зохион байгуулдаг байсан юм. 

Дарс, хѳгжим, бүдэг гэрэл, пянз сэлтээр сэтгэлээ дүүргэн хѳгжѳѳдѳг байлаа. 

Дуртайгаа хийхэд асуудал юу байна? Гэвч, хичнээн жазз хѳгжим эгшиглэдэг, амьд хѳгжимтэй клаб байсан ч үйлчилгээний газар бол хүнд үйлчлэх шаардлагатай гэдгийг яс махаараа мэдэрлээ. Аль болох нүүр тулж харьцамгүй үйлчлүүлэгчтэйгээ ч инээн мэндлэх шаардлага гарна.

Тэр дургүй байсан ч тэвчээр гарган инээхээс татгалзана. Мэдээж, бас бус шалтгаан байсан биз ээ, ѳѳрийн бизнесээ орхиход...Мураками 1979 онд “Салхины дууг сонс” хэмээх хамгийн анхны бүтээлээ туурвижээ. 

Зохиолч болох санаа нь бэйсболын тэмцээн үзэн шар айраг шимэн суух тэр үед толгойд нь орж ирсэн гэдэг. “Ерѳѳсѳѳ би зохиолч боллоо”. Энэ бол нугаршгүй, хүчтэй шийдвэр байсан юм. Зохиолч болох хүсэлдээ эзэмдүүлсэн Мураками цаг алдалгүй номын дэлгүүр явав.  “Би ч гэсэн бичиж чадна, оролдоод үзвэл яасан юм бэ” тэрхэн зуур тогонд цохиулсан мэт хамаг биеэр нь гэрэл гүйсэн нь лавтай.

Бичих хүсэл нь буцалж, түүнийгээ ямар ч эргэлзээгүйгээр дагасан нь магадгүй түүний амьдралдаа хийсэн хамгийн зѳв сонголт байх. Мураками ѳѳрийгѳѳ далд мэдрэхүйтэй, түүндээ итгэдэг хэмээсэн байдаг. Дэлхийн тавь гаруй улс оронд бүтээлүүд нь орчуулагдан (2016 оны байдлаар ) олон сая хүний хүртээл болно гэдгийг тухайн үед зѳн совин нь хэлээд ѳгсѳн ч юм билүү.

Ингээд зориг орсон залуу “шинжуку”д байрлах “кинокуния” нэртэй  номын дэлгүүр лүү хар хурдаараа гүйж оров. Ноорог цаас, үзгэн бал авах гэж. Би ч гэсэн тэр дэлгүүр орох дуртай. Үнэндээ Мураками хамгийн анхныхаа үзэг цаасыг тэндээс авсныг хожуу мэдээд битүүхэндээ баярласандаа дороо дэвхцэснийг нуугаад яахав. 

Яг энэ дэлгүүрийн шалан дээр, одоо миний гишгэж байгаа шалан дээр урд Мураками Харуки гишгэж 2000 иенээр худалдан авалт хийж байсан гэж бодохоор  хѳмсѳг зангидан инээмээр санагдахыг яана, ойлгож байна уу?

Ингэж “Салхины чимээг сонс” бүтэж утга зохиолын сэтгүүлийн шинэ зохиолчдын шагналыг хүртсэн юм. Тэр олны анхаарлыг татах болов.Шинэ зохиолчдын шагналыг санаанд оромгүй гэнэт хүртсэндээ баяртай суусан Муракамиг тухайн үед нэр алдартай шүүмжлэгчид, зохиолчид сонин сэтгүүлүүдээр шүүмжилж гарав. “Үүнийг БҮТЭЭЛ хэмээгээд шагналаар энгэрийг нь мялаагаад байвал утга зохиол гэгч чинь юу болж хоцрох билээ”.

Мураками Харукийг багын хортой шартай хүүхэд байсан гэхгүй. 

Гэхдээ ѳѳрийгѳѳ юу чаддагийг, юуг бүтээл гэж нэрлэдгийг ганц бусдад харуулахыг бус ѳѳртѳѳ ч гэсэн үзүүлэн батлахыг яг тэр мѳчид хүсчээ. Тэрээр бүтээлээ туурвихыг хичнээн шамдавч нэг л болж ѳгѳхгүй байгаагаа нэг ѳдѳр ойлгов. 

Яагаад гэж үү? Тухайн үеийн япон улс “хѳѳсѳн” эдийн засаг үргэлжилсэн үе таарсан тул мѳнгѳний тал дээр хангалуун байлаа. Түүнд асар их хэмжээний мѳнгѳ амлаж нийтлэл бичүүлэх хүсэл, бүр захиалгаар бичүүлэх хүсэлтэй албан байгууллагууд дуртай газар орныг нь хүссэн хэмжээний мѳнгѳтэй амлаж гарав. 

Гэвч тэр ийм орчинд “эрхэлж” хэвтээд байвал хувь хүний хувьд хѳгжиж чадахгүйгээ ухаарсан гэдэг. Дээрээс нь уран зохиол бичнэ гэдэг хэн нэгний захиалгаар бичих хэрэг биш, харин зохиолчийн дур хүслээр, онгодоор бичигддэг эд хэмээн хожим залруулжээ. Ингээд тэрбээр хайрцаглагдсан бодолтой япон улсаас холдож хѳндлѳнгѳѳс бичхийг эрмэлзжээ. Ѳѳрѳѳр хэлбэл бусдын нѳлѳѳнд авталгүй уран бүтээл туурвихыг хүсжээ.Хаа хүрэх, хаана амьдрахаа шийдээгүй тэрээр европ орноор эхлээд тойрно.

Түүний сонголтод орос, европын орнууд мѳн америк байв. Ямартай ч “Норвегийн ой” зохиолоо европоор хэсүүчлэхдээ бичиж, тэр нь ѳѳрийнх нь санаснаас хувь олон борлогдсонд гайхах баярлах хоёр зэрэгцсэн гэдэг. Ингэж эдийн засгийн хувьд тогтворжиж цаашид зохиол бичин суух боломжийг олсон билээ.

Тэр хэлэхдээ “Бусдын хийдэггүй хийх хүсэлтэй” гэдэг. Бусдын уншдагийг уншвал бусдын л боддогийг бодох болно гэнэ. Иймээс ч бусад зохиолч нар шиг япондоо шигдэлгүй, нэг үзэл бодолдоо баригдаад суулгүй, гадаад орныг зорисон хэрэг. Ѳѳрийн нѳѳц, боломж бололцоогоо нээхийн сацуу газар орон үзэж гадаад мэлмийгээ нээн, хувь хүний хувьд ч хѳгжѳѳд авсан нь гарцаагүй.“Норвегийн ой” зохиолоороо эдийн засгийн хараат бус болсон зохиолч маань, ѳѳрийн бүхий л цаг зав, хүч хѳдѳлмѳрѳѳ уран бүтээл туурвих ажилдаа зориулж эхэллээ. Ѳглѳѳ эрт сэрж эрт унтахаас гадна ѳдѳр бүр нэг цаг орчим гүйнэ, эсвэл сэлнэ. Ѳдѳрт дѳрвѳн зуун үг багтдаг ноорог цаасыг арван хуудас бичих нормыг ѳѳртѳѳ тогтоолоо. 

Голцуу дѳрвѳѳс таван цагийн ажил болдог ажээ. Энэ урт тѳвлѳрсѳн ажлаа зохиол бичиж эхэлснээсээ хойш гучин зургаан жилийн турш шантралгүй үргэлжлүүлнэ.Тэр маш даруухан бас хэтэрхий энгийн зохиолч. Түүний амьдралын хэв маяг бүр уйтгартай гэмээр. Тогтсон цагт тогтсон ажил. Бичих, унших, гүйх. 

“Нэг ѳгүүлбэрээ дахин дахин уншиж засах бол ѳдѳр тутмын миний хийдэг ажил”, Ѳѳрийн сэтгэл ханах хүртлээ зургаагаас долоон удаа засч залруулаад эхнэртээ хамгийн түрүүнд уншуулдаг. Зарим зохиолчид хэлэхдээ “дахиад жоохон л цаг байсансан бол илүү сайн бүтээл болох байлаа” гэдэг. Харин Мураками “ Би бүх хүчээ дайчлан, ѳнѳѳг хүртэлх хамаг нѳѳцѳѳ шавхаж бичсэн учир түүнээс илүү сайн бүтээл болох боломжгүй” гэсэн нь миний түүнийг хүндлэн бишрэхийн шалтгаан ч байж мэднэ. Тэр тийм хичээнгүй зохиолч.

Ямар сайндаа зохиолч маань шинэ залуу зохиолчдод хандаж хэлэхдээ, “зохиолч гэдэг ажил хэтэрхий ухаантай хүмүүст зориулагдаагүй, над шиг аливаа зүйлийг ухаж түнхэх, зууралдах дуртай хүмүүст зориулагдсан ажил, эсвэл жоохон тэнэгдүү хүмүүст зориулагдсан байх” хэмээсэн байдаг. Түүний уран бүтээлүүдийг цэвэр менежментийн зорилготой гэж үздэг хүмүүс олшроод байх шиг харагдсан.

Нэрнээсээ аваад ( Жорж Орвеллын “1984” ыг хуулаад 1Q84 болгосон) агуулга багтаамж нь сонирхолгүй гэх мэт. Танд ч гэсэн ямар нэг “хѳѳрхѳн” юм бичээд магадгүй “үнээний ферм” гэж нэрлээд дэлхий дахины анхаарлыг татах бүрэн боломж бий шүү дээ.


Эх сурвалж: Ээнээ