ГХЯ-ны Зөвшилцөл танхимд БОАЖ-ын Н.Цэрэнбат, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хүмүүнлэгийн аян" зарлаж байгаагаа мэдэгдсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна. Энэ хүрээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж байгаа юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Нэгдүгээр сард БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гараад байна. Иймээс мөнхийн хөршдөө туслах аяныг эхлүүлж байна. Монголчууд бид зовох цагт нөхрийн чанар танигдана гэж ярьдаг. Хүн болгоныг бага их гэлтгүй өглөгийн гараа сунгана гэдэгт итгэж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: БНХАУ-д туслах аян олон янзын сувгаар явж байгааг анзаарсан. Бид нэг үндэстэн, нэг улс учраас заавал тус тусдаа олон байгууллагаар биш нэгдсэн дансаар, зохион байгуулалтыг өрнүүлж эхэлсэн. Засгийн газраас болон Хятад сургууль төгсөгчдийн холбоо зэрэг байгууллагууд хандив дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд хандив өргөх боломжтой. Улс орнууд дор бүрнээ өөрсдөө зохион байгуулалтай байж чадвал энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бийг ДЭМБ онцолж байна.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: БНХАУ бол Монгол Улсад нэн шаардлагатай томоохон бүтээн байгуулалтыг дэмжиж ирсэн. Налайхын зам, цэвэрлэх байгууламж, Онцгой байдлыг тоног төхөөрөмж шинэчлэх ажил зэргийг дурдаж болно. Сүүлийн жилүүдэд гэхэд нэг тэрбум юан буцалтгүй тусламжаар олгосон. Ийм учраас энэхүү хүнд үед Монголын ард түмэн, ААН-үүдийг энэхүү аянд нэгдэж туслахыг уриалж байна.