Сүүлийн хэдэн сарын турш санхүү мөнгөний асуудлаас шалтгаалан болох эсэх нь тодорхойгүй байсан Мэнни Пакиао, Лукас Маттисе хоёрын тулаан эцсийн эцэст бодит байдал боллоо. ”Golden Boy” компанийн ерөнхийлөгч Эрик Гомезийн хэлснээр санхүүгийн асуудал шийдэгдэж урьдчилгаа мөнгийг дансруу нь шилжүүлснээр “Маттисе” багийнхан Лос Анжелес хотоос тулаан болох Куала Лумпур хотруу Даваа гарагийн үдэш нислээ.

Энэ жил 35 настай Аргентинийн боксчин Маттисе (39-4,36 КО) амжилттай бөгөөд тэрээр хөнгөн жингийн аваргын бүсээ хоёр дахь удаагаа хамгаалахаар рингэнд гарах гэж байгаа бол Филлиффины амьд домог Мэнни Пакиао өнгөрсөн оны 7 дугаар сард Австралийн Жэфф Хорн-д ялагдсанаасаа хойш анх удаагаа рингэнд гарна.

Жилийн өмнө болсон тэрхүү тулаанд Пакмэн илүү байсан ч шүүгчид нутагтаа тулалдсан Жэфф Хорн-д ялалт өглөө гэсэн шуугиан одоог хүртэл Филлиффинчүүдийн дунд яригдсан хэвээрээ байгаа билээ.

Мэргэжлийн карьертаа (59-7-2,38 КО) амжилттай Мэнни Пакиао мэргэжлийн боксын 8-н өөр жинд аваргын бүс эзэмшдэг цорын ганц боксчин бөгөөд энэ жил 39 настай түүний хувьд энэ тулаан карьерын  сүүлчийн тулаан ч байж магадгүй юм.

Мэнни Пакиао – Лукас Маттисе тулаан 7 дугаар сарын 15-нд Куала Лумпур хотын Axiata Arena-д болно.