Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж байна.

Хуралдаанд Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламж, түүний оршин байгаа газрыг тоолж бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал боловсруулах, санхүүгийн эх үүсвэрийг судлах ажлын тухай асуудлыг нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав танилцуулав.

Соёлын өвийн бүртгэл хамгаалалтад авах шаардлагатай нийт 41 барилга байгууламж байгаа аж. 

Шинээр хамгаалалтад авах барилгад Монгол Улсын Засгийн газар байрлаж байсан барилга, МУИС-ийн хичээлийн төв байр, Монголын орчин үеийн анхны зочид буудал зэрэг хэд хэдэн барилга байгууламжууд байна. 

Нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай барилга байгууламжид Гэсэр сүмийн цогцолбор, Улаанбаатар хотын музей, Хүүхдийн урлан бүтээх төв, Дамбадаржаалин  хийд болон Ерөнхий сайд Ц.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр” орж байгаа юм. 

Цаашид үйл ажиллагааг сайжруулж, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах шаардлагатай байгууламжид Гандантэгчинлэн хийдийн цогцолбор, Дарь-Эхийн сүм, хоёр чулуун багана, гол сүм орж байна. Хамгаалалтаас хасах шаардлагатай барилга, байгууламжид Жуковын гэр музей, Бэтүб хийд, Түвдэнпэлжээлин хийд барилгууд байна.  

Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламжийг аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлэх зорилгоор “Их тэнгэрийн ам-Зайсан” аялал, “Гандантэгчилэн-төв шуудан”, Улаанбаатар хотын зүүн хэсгийн аялал, “Дамбадаржаалин-Дашчойлон” зэрэг дөрвөн хэсэгт аялал зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан шаардлагатай хөрөнгийн саналыг яаралтай оруулж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.