Тавдугаар сарын 29-нд МУИС-ийн Оюутны Холбооноос мэдээлэл хийж нэр бүхий оюутнуудын дүнг сургуулийн удирдлагуудыг засч өөрчилдөг, МУИС мөнгөнд л үйлчилж байна гэсэн утга бүхий мэдээлэл хийсэн билээ. 

Тэгвэл энэ талаар МУИС албан ёсны мэдэгдэл гаргажээ. 

МУИС:

"Багш суралцагчдад тавьсан дүнгээ СиСи мэдээллийн системд буруу, эсвэл дутуу оруулсан, Сургалтын журамд заасан хугацаанд багш ямар нэгэн шалтгаанаар оруулж чадаагүй, оюутан дүн гарах үед хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж чадаагүй, багшийн тавьсан дүнг оюутан хүлээн зөвшөөрөөгүй гэх зэрэг асуудлаас үүдэн дүнгийн маргаан үүсдэг.

Дүнгийн маргаан үүссэн тохиолдолд дүнгийн маргаан шийдвэрлэх хуудсанд хүсэлтээ гаргаж тухайн хичээл заасан багшаар дүнгээ хянуулан магадлуулдаг. Багш шаардлагатай гэж үзвэл хуучин дүнгээ шинэ болгон засварлаж гарын үсэг, холбогдох баримт бичгээр баталгаажуулан бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд (өмнөх захиргааны бүтцээр) өгдөг.

Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн, эрхлэгч материалыг хянаж үзээд СиСи системд оруулах хүсэлтийг сургалтын нэгдсэн албанд хүргүүлдэг. Сургалтын нэгдсэн алба хянаад СиСи-д тухайн дүнг оруулах эрхийг нээх зөвшөөрлийг Мэдээллийн технологийн албанд өгдөг билээ.

Дүн оруулах эрх нээгдсэний дараа хамаарах сургалтын албаны мэргэжилтэн зөвшөөрөгдсөн дүнг засварлан оруулж эрхлэгч түүнийг зөвшөөрөх эсвэл татгалзах үйлдлийг системд хийдэг. Тухайн дүн зөвшөөрөгдсөн тохиолдолд хичээл заасан багшид мэдээлэл очдог учраас давхар хянах боломжтой.

МУИС-ийн Захирал болон дэд захирлуудад СиСи системд дүн засах эрх байхгүй, харин давхар хянах боломжтой. Дүнг засах эрх зөвхөн багшид байдаг бөгөөд түүнийг системд оруулах, зөвшөөрөх үүрэг сургалтын албаны мэргэжилтэн, холбогдох албан тушаалтнуудад ногддог.

СиСи мэдээллийн системийг 2003 оноос МУИС өөрөө хөгжүүлж 2010 оноос сургалтын үйл ажиллагаанд үе шаттайгаар нэвтрүүлж ирсэн. Хуучин сурлагын дэвтэр, дүнгийн хуудас дээр тавигдсан дүнг цахимжуулж эхэлсэн.

Мэдээллийн систем нэвтрэх үед дутуу орсон дүнгүүд ихээр хуримтлагдсан байсан бөгөөд үүнээс үүдэн оюутнууд залгамж холбоотой хичээлээ судалж чадахгүй, хугацаандаа төгсөх боломжгүй болох зэрэг хохирлууд амссаар байсан юм. Тиймээс 2014 онд Сургалтын нэгдсэн алба байгуулагдсанаар эдгээр асуудлыг цэгцлэх санаачилга гаргаж 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж (хурлын товч мэдээллийг https://news.num.edu.mn/?p=46455-аас харна уу) хурлын шийдвэр, үүргийн дагуу Бүрэлдэхүүн сургуулиудад 2014 оны 11 дүгээр сарын 25-нд 2/2010 тоот албан бичгийг тухайн үеийн Сургалт эрхэлсэн дэд захирал Д-р. О.Мөнхбат илгээж байсныг эндээс үзнэ үү.

Үүний дараа, 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар тус асуудлыг судлан үзэж дахин хэлэлцүүлээд шийдвэрлэх чиг үүргийг Сургалтын нэгдсэн албаны дарга Д-р. Ч.Ундрамд даалгасан юм (хурлын товч мэдээллийг https://news.num.edu.mn/?p=46469-аас харна уу). Сургалтын нэгдсэн алба, Мэдээллийн технологийн алба, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны дарга, эрхлэгч, мэргэжилтнүүд маш өндөр ачаалалтай ажиллаж үе шаттайгаар асуудлыг шийдвэрлэж ирсэн. Энэ үед Мэдээллийн технологийн алба нь МУИС-ийн Захирлын шууд удирдлагад, үйл ажиллагаагаа хараат бусаар явуулж байсан.

МУИС-ийн эрдмийн хамт олон хууль, дүрэм зөрчиж дүн засдаггүй, ийм асуудал байлгахгүйн төлөө үе үеийн багш, удирдлагууд тэмцсээр ирсэн. Тиймээс энэ хүнд ачааг үүрэлцэж, сургалтын журмыг боловсруулж дүнтэй холбоотой асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх асуудлыг цэгцэлсэн. МУИС-ийн захиргаа сургалтын бодлого, үйл ажиллагаатай холбоотой олон ажлыг санаачлан хийж гүйцэтгэж байсан үе үеийн Сургалтын албаны мэргэжилтэн, эрхлэгч, дарга нарын хийсэн ажлыг харлуулж нэр хүндэд нь халдахыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн оюутан, төгсөгчтэй холбоотой хувийн мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах, тараах зэргээр нэр хүндэд нь халдаж байгаа асуудал нь өөрөө хууль бус гэж үзэж байна" гэжээ.