НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Хотын дарга асан С.Амарсайхан нарыг нийслэлчүүдээс уучлалт гуйхыг шаардаж, албан бичиг хүргүүлжээ.

Энэ талаар НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч М.Тулгат өнөөдөр мэдээлэл хийв.

Тэрээр "2020 оны 5 дугаар сарын 28-ны А/747 дугаартай захирамжаар нийслэлийн тухайн үеийн Засаг дарга С.Амарсайхан "Коронавируст цар тахлын үеийн хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа" сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг үр дүнтэй, сайн зохион байгуулсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт 21 албан тушаалтныг шагнаж, урамшуулсан байдаг. Энэ захирамжийн гол асуудал нь дээрх албан тушаалтнуудад олгосон мөнгөн шагналыг иргэд, олон нийтээс ирүүлсэн хандив, тусламжийн мөнгөн сангаас  олгосон байна. Цар тахлын үед иргэд сэтгэлээ зориулж, чадлынхаа хэрээр хандив оруулсан. 

Холбогдох албан тушаалтнууд цар тахлын үед сайн ажилласан. Үүнийг үгүйсгэх арга байхгүй. Хамгийн гол нь иргэдийн хандиваас цугларсан мөнгөөр өөрсдийгөө шагнаж, урамшуулсан нь ёс зүйн хувьд маш ноцтой, алдаатай үйлдэл болсон. 

Иймд НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс нийслэлийн тухайн үеийн Засаг дарга, одоо УИХ-ын гишүүн болсон С.Амарсайханд шаардлага хүргүүлж байна. Мөн энэ шаардлагыг нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Ж.Батбаясгалан даргад мөн хүргүүлж байна. Дээрх үйлдэлдээ нийт нийслэлчүүдээс уучлалт гуйхыг бид шаардаж байна" хэмээн өнөөдөр мэдээлэл хийлээ.

С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нарт хүргүүлсэн шаардлагыг хүргэж байна.