Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Түүнийг 266 сая төгрөг авсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.