Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.04.13-14/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 473 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 330 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн байна. 

Тухайлбал:

  • 2019.04.14-ний өдөр 16.00 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын нутаг “Баруун бэлх” гэх газар асфальтан замд lexus RX маркийн автомашин нь улсын дугааргүй ИЖ-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 58 настай Э-н амь нас хохирсон,
  • СХД-ийн нутаг 21-р хорооллын уулзварт T.Mark2 маркийн автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Suzuki Wagon, T.Pruis маркийн автомашинуудтай мөргөлдөж, 1 хүн гэмтсэн гэх хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна. 

Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо. 

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор орон нутаг болон нийслэл хотод мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж, энэ төрлийн осол, хэрэг гарч байгаа тул холбогдох байгууллагуудтай хамтран улсын бүртгэлд ороогүй мотоцикльд улсын дугаар олгох, иргэдийг “А” ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамруулах, хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшүүлэх, иргэдэд сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг орон нутгуудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.