Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн хадвар дэлхийн 213 улс, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 2.5 сая хүн өвчилж, 177 мянга гаруй хүн нас барж, 690 гаруй мянган хүн эдгэрсэн байна. Яг одоо 1.7 сая хүн энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт манай хойд хөрш ОХУ-д 5642 шинэ тохиолдол бүртгэгдэж, 51 хүн нас барлаа. Улмаар нийт өвчлөлийн тоо 50.000 болсон байна. Өвчлөлийн тохиолдол Буриадад 163, Эрхүүд 168 болж нэмэгдсэн. 

  • Өчигдөр бүртгэгдсэн тохиолдлын 3000 гаруй нь Москва хотод бүртгэгдсэн учир өнөөдрөөс тус хотод шинэ дэглэм эхэлжээ. Үүнд:
  • Хэрвээ иргэд машинаар явах бол машины дугаараа цахимаар бүртгүүлэх
  • Нийтийн тээврээр зорчих бол тасалбараа цахимаар бүртгүүлэх
  • Томуу, томуу төст өвчин хүрсэн тохиолдолд коронавирусийн халдвартай адил гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах
  • Өөрийгөө тусгаарлах хугацаандаа эмчийн бичиж өгсөн эмийг тогтмол хэрэглэнэ.
  • Өөртөө тохирсон буюу 10.000 алхамтай тэнцэх дасгал хөдөлгөөнийг гэртээ хийх
  • Өрөө, тасалгаандаа тогтмол цэвэр агаар оруулж байх гэсэн зөвлөмжүүдийг өгч, мөрдүүлж байна" хэмээлээ.

Мөн тус улсад даралт ихсэх, зүрхний архаг өвчтэй хүмүүс коронавирусийн халдвар авснаар хүндэрч, амь нас эрсдэх тохиолдол өндөр байгаа учраас ийм хүмүүсийг онцгойлон анхаарахыг зөвлөжээ. Үйлчилгээний газрууд хүмүүсийн цай, кофегоор дайлахгүй байх, нэг нэг өрөөнд үйлчилгээ үзүүлэх, хоол болон бусад үйлчилгээний захиалгыг урьдчилан утас юмуу цахимаар авах, үйлчлүүлэгч хоорондын зай 1.5-2 метр байхыг анхааруулж байна.